Нийслэлчүүд өглөө бүр Улаанбаатар хотын хаа нэгтээ зам хэсэгчилж хаасан тухай гэнэтийн мэдээ сонсон бухимдаж, ажил албанаасаа хоцрох нь хэвийн үзэгдэл боллоо. Өмнөх орой нь нээлттэй байсан замыг өглөө хаасан байх нь түгээмэл. Гэвч иргэдэд энэ талаар урьдчилж огт мэдэгддэггүй. Гэнэтийн шийдвэртэй нүүр тулсан хүмүүсийн “яагаад ингээд түгжрээд байна аа”, “ажлаасаа хоцрох нь”, “жолооч оо, бууж болох уу” гэхчлэн тэвдсэн, бухимдсан яриа нийтийн тээврийн автобусаар нэг сонсогдох аж.
Офицеруудын ордноос Баруун дөрвөн зам хүртэл 40 минут явдаг байсан бол өчигдөр Багшийн дээд (МУБИС) хүрэх гэж хоёр цаг зарцууллаа. Учир нь “Цэцэг” төвөөс Төв шуудангийн уулзвар хүртэлх замыг мөн л иргэдэд нэгдсэн байдлаар мэдээлж, мэдэгдэлгүй гэнэт хаачхаж. Уг нь энэ хэсгийн замыг 15- нд хаах тухай мэдээлэл хэд хоногийн өмнөөс тархсан ч хугацаанаас нь өмнө засаж эхэлжээ. Яагаад ийм гэнэтийн шийдвэр гаргасан талаар нийслэлийн За¬мын хөгжлийн газрынхнаас тодруулах гэсэн боловч утсаа авч, хариулт өгөх хүн олдсонгүй. Зөвхөн энэ хэсгийн хязгаарлалтаас болж хотын төв төдийгүй бусад хэсэгт ч зохиомол түгжрэл үүсэж, иргэд амьдралынхаа хайран цаг хугацааг алдав. Таксины жолооч П.Баттулга “Өчигдөр (уржигдар) 17.00 цагт нээлттэй байсан замыг өглөө нь л хаачхаж. Зам засахыг хэн ч эсэргүүцээгүй. Хамгийн гол нь аль хэсгийн замыг хэзээ хааж, хэдий хугацаанд засаж дуусахаа иргэдэд хүртээмжтэй, ойлгомжтой мэдээлэх хэрэгтэй. Биднийг ингэж хохироож болохгүй” хэмээн бухимдан өгүүлэв.
Хүмүүс олон нийтийн сүлжээнд бухимдлаа илэрхийлж, “урьдчилж хэлээч”, “хэдийд хааж, нээх нь мэдэгдэхгүй юм” “яагаад заавал ажлын өдрөөр, ид ачааллын үеэр хаагаад байгаа юм” гэх зэргээр шүүмжлэв. Улаанбаатарт жил бүрийн хавар, зун авто замуудыг хэсэгчлэн хааж, засдаг. Гэхдээ энэ жилийн зам засвар утгаа алдлаа. Энэ долоо хоногт гэхэд таван байршилд зам хаав. Сургууль, цэцэрлэг амарсан ч түгжрэл буурсангүй, зам засварын ажлын балгаар харин ч ихсэв. Түгжирч зогсолгүй буугаад алхъя гэхээр явган явах арга алга. Такси барих гэхээр өглөө, оройны оргил ачааллын үеэр олдохгүй. Энд тэндгүй хуулсан зам, овоолсон шороо, хэд хэдээр нь бөөгнүүлж орхисон тоосго. Нийслэлчүүд бид ийм л стандартын бус орчинтой нөхцөлд амьдарч, арайхийн зорчиж байна.
Засвар хийх нэрийдлээр ажлын өдрүүдэд, урьдчилан мэдэгдэлгүй зам хааж, зохиомол түгжрэл үүсгэдэг энэ байдал цаашид ч үргэлжлэх шинжтэй. Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээлснээр Цагдаагийн академиас Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх замыг энэ сарын 17- ны 06.00, Төв шуудангийн уулзварыг 15-ны 15.00, Толгойтоос Улаанчулуутын хогийн цэг хүртэлх замыг 16-ны 06.00 цаг, Шарга морьтоос Гүнтийн даваа хүртэлх замыг 15- ны 06.00 цаг хүртэл хааж, засах гэнэ.
Ц.Цэнд-Аюуш