Б.Түвшин, Ч.Лодойсамбуу нарын УИХ-ын 41 гишүүн хамтран боловсруулж, парламентад өргөн барьсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ долоо хоногийн лхагва гарагт Нийгмийн бодлогын байнгын хорооны хурлаар хэлэлцүүлэхээр болжээ. Байнгын хороо эл хуулийн төслийг дэмжвэл маргааш нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх аж. Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлтэй зэрэгцэн парламентын гишүүд нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, дарамтыг бууруулах чиглэлээр хоёр хуулийн төсөл өргөн бариад буйн нэг нь энэ билээ. Үүнд тусгасан гол өөрчлөлт нь ажил олгогч болон ажилтнаас давхардуулан авдаг шимтгэлийг болиулах юм. Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлдэг хүн болгон нийгмийн даатгалд сар бүр 11.5 хувийн шимтгэл төлдөг. Үүнээс гадна аж ахуйн нэгж ажилтан бүрийн өмнөөс 12.5-14.5 хувийн шимтгэл давхар төлж буй. Тэгвэл ажил олгогчийн ажилтны өмнөөс төлдөг энэ шимтгэлийг зогсоохоор хуулийн төсөлд тусгасан. Түүнчлэн нэг удаагийн гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлснөөс, ажил олгогчоос ажилтандаа цалингаас гадуур олгосон хөнгөлөлт, урамшуулал (мөнгөн хэлбэрийн)-аас шимтгэл авдгийг болиулах зохицуулалтуудыг үүнд оруулжээ.
Ж.Сувд