Нийслэл хотын иргэн та ресторанд хооллоод гарахдаа, машинаа угаалгах болон засаж янзлуулах бүрдээ, амралтын газар, зочид буудал, караоке, баар цэнгээний газраар үйлчлүүлэх тоолондоо, мөн худалдаж авсан тамхи, бүх төрлийн согтууруулах ундаа болгондоо хоёр хувийн татвар төлж байгаагаа анзаардаг уу. 2015 оноос хойш бид нэг хувийн татвар төлж байгаад өнгөрсөн жилээс гэнэт хоёр хувь болгон нэмэгдүүлснийг нь тэр бүр мэдэхгүй, анзаараагүй хүмүүс эргэн тойронд бишгүй олон байна. Арга ч үгүй юм, 2023 оны арванхоёрдугаар сарын 5-нд буюу Улаанбаатар хотын төсвийг хэлэлцэн батлах үеэр нийслэлийн ИТХ-аар гэнэт л “Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 124 дүгээр тогтоолыг сэм албажуулж, хоёр хувь болгон нэмээтхэж.
Х.Нямбаатарын он тоолол эхлэнгүүтээ хотын албан татварын хэмжээг хоёр хувь болгон нэмэг¬дүүлснээр 2024 оны нийслэлийн төсөвт 32 тэрбум төгрөгийн орлого төвлөрнө гэж тооцоолон, түүнийгээ ч давуулан биелүүлж. Иргэдийнхээ хэтэвч, халаас руу дураараа савраа шургуулж, татварыг ил далд энэ мэтчилэн нэмээд, тэр мөнгийг буцаагаад юунд, хэрхэн зарцуулснаа тайлагнадаггүй “даам”, дарангуйлагч даргатай байхын зовлон ийм буюу. Өнгөрсөн өвөл бүр хотын татварыг таван хувь болгон нэмэгдүүлнэ гэдэг “бор шувуу” нисгэж, нийслэлийн Татварын газрын даргаараа үгүйсгэсэн тайлбар хийлгээд амжсан билээ.
“ТАТВАРЫН ОРЛОГЫГ ЮУНД ЗАРЦУУЛАХАА ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЭХ ХЭРЭГТЭЙ”
Э.Бат-Үүл хотын дарга байхдаа “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд жуулчдыг татах, хотын нийтийн соёлыг түгээх, аялал жуулчлалд зориулах үүднээс энэхүү татварыг санаачилж, 2015 онд УИХ-аар Нийслэл хотын албан татварын тухай хуулийг батлуулсан түүхтэй. “Нэг хувь-Нэг алхам” уриан дор, Улаанбаатар хотоо өнгө жавхаатай, өөдрөг, найрсаг болгохын төлөө нийслэлийн иргэн таны төлсөн нэг хувийн татвар ихээхэн хувь нэмэр оруулна шүү гэсэн анхны зорилго, гэгээлэг үзэл санааг нь гуйвуулж, өдгөө түрэмгий төрийн дарамт болгон хувиргасан хэрэг. Анх уг хуулийг батлахдаа хоёр төрлийн “бараа” буюу бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи, мөн ресторан, зочид буудал, баар цэнгээний болон амралтын газар гэсэн дөрвөн төрлийн үйлчилгээг хамруулахаар заасан байсан. Гэтэл сүүлд 2021 оны нэмэлт, өөрчлөлтөөр “автомашин угаалгын газар”, “авто үйлчилгээ үзүүлэгч” буюу нийтийн тээврээс бусад автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдсон үйлчилгээг үзүүлэх иргэн, аж ахуйн нэгжид хотын албан татвар ногдуулах болгочихсон. Цаашид дахиад ямар ямар бараа, үйлчилгээний газруудыг хотын татвар төлөгчөөр нэмэхийг таашгүй.
Хүн ам ихтэй болон хэт их төвлөрсөн улс орнуудад хотын татварыг худалдааны, оршин суугчдын, хот төлөвлөлтийн гэхчлэн төрөлжүүлэн авдаг байна. Зориулалт, зарцуулалт нь тодорхой, хамгийн гол нь иргэдийнхээ эрүүл мэнд, эрх ашгийн төлөө үүнийг хийдэг. Ихэвчлэн архи, согтууруулах ундаа, тамхин дээр ногдуулдаг учир эдгээр татварыг “Sin taxes” буюу “Нүглийн татвар” ч гэж нэрлэдэг. Зарим улсад таргалуулдаг хоол хүнсний худалдан авалтаас ийм төрлийн татвар авдаг бол өөр нэг хэсэгт нь кофен дээр ногдуулдаг. Ингэснээр хүнийг хэт таргалуулдаг түргэн хоолны худалдан авалт, кофе, архи, тамхины хэрэглээ багасна гэж үздэг байна. Гэтэл манайд ямар тооцоо, судалгаа, үндэслэлээр хотын албан татварын хувь хэмжээг хоёр дахин нэмэх гээд байгааг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Гантулга тэргүүтэй ХҮН намын бүлэг асууж, тайлбар нэхээд ч хариулт авч чадаагүй гэнэ.
2023 оны арванхоёрдугаар сард тогтоолын төслийг хэлэлцэх үеэр Д.Гантулга төлөөлөгч “Татвар нэмэх гэж байгаа бол үндэслэлээ, татварын орлогоо юунд зарцуулах тухайгаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд эхлээд мэдэгдэж, нээлттэй мэдээлж, ойлгуулах хэрэгтэй. Анх нэг хувийн хотын албан татвар гарч ирэхэд татварын орлогоо аялал жуулчлалд зарцуулна гэдэг зорилго тавьж байсан. Үүн шиг хоёр хувийн татварын орлогоо Сэлбэ голын далан барихад зарцуулна ч гэдэг юм уу, маш тодорхой олон нийтэд тайлбарлахгүйгээр “Эрх нь бидэнд байгаа юм чинь” гэсэн хандлагаар яваад байвал утгагүй шүү дээ. Энэ бол маш буруу хандлага” хэмээн эсэргүүцэж байжээ.
ЖУУЛЧДЫГ ҮРГЭЭХ, ИРГЭДЭЭ “ШУЛАХ” ТАТВАРЫН БОДЛОГО
Нийслэл хотын албан татварыг суутган төлдөг 8000 орчим татвар төлөгч Улаанбаатарт бий гэнэ. Хотын татварын хувь хэмжээ болон нэр төрлийг нэмэгдүүлснээр төсөвт 17-18 тэрбум төгрөг нэмж төвлөрнө гэж тооцоолсон нь “байндаа” тусжээ. Ийнхүү 2024 оны нийслэлийн төсөвт хотын татвараас төвлөрүүлсэн 32 тэрбум төгрөгийг хэн, хэрхэн, юунд зарцуулсан нь тодорхойгүй байна. Татварын албаныхан болон нийслэлийн холбогдох албан тушаалтнууд өөрсдөөсөө холдуулж, мэдэн будилсаар байх нь жигтэй.
Э.Бат-Үүл баатар дэлхийн хотуудаар жишээлэн, энэхүү татварыг бий болгохдоо жуулчдыг татах бус, үргээх бодлого болж хувирна чинээ санаагүй нь лавтай. Хотын даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч нь хээв нэг “Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоо өсөх хандлагатай байгаа. Тиймээс жуулчдын үйлчлүүлэх субъектээс хотын татвар авах юм” хэмээн маанагтаж байв. Жуулчид хүлээн авч, тэдэнд хамаг сайнаараа үйлчилснийхээ төлөө хотын албан татварт хоёр хувь суутгуул¬даг “шийтгэл”-ийн тогтолцооны горыг үйл¬чилгээний газрууд амсаж байна. Харамсалтай нь, төлсөн татварынхаа хариуд төрөөс эргээд тодорхой дэмжлэг, үйлчилгээ авч чаддаггүй. Татварын мөнгийг нь хэзээ, хаана, юунд, хэрхэн зарцуулсныг ч мэдэхгүй өнгөрдөг.
Архи, согтууруулах ундаа, тамхины жижиглэн худалдаа эрхлэгчид, үйлчилгээний байгууллагууд, жуулчдаас мөнгө “саах” гэсэн оролдлого нь мөрөөрөө ажлаа хийж байсан авто угаалгын газар болон авто үйлчилгээ үзүүлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдээ ч “холгож” хөлдөө чирэх болов. Хойшид Улаанбаатар хотод машин унана гэдэг ерөөс мянгуужингийн үлгэр юм даг уу даа. Машинаа угаалгасан ч, эвдрэл гэмтлийг нь засуулсан ч хотын албан татварын хоёр хувь төлнө, хотын машины татвар гурав, зам ашигласны төлбөр тав дахин нэмэгдсэн. Машинтай хүмүүсийг хувийн өмчөөр нь ялгаварлан гоочилж, илүү үздэг хэрнээ зам, бордюр засах болохоор гар татахгүй, мөнгө ч хайрлахгүйг нь яана.
“ХОТЫН ТАТВАРЫГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУД ӨӨРСДӨӨ АВДАГ ЮМ ШИГ ИРГЭД ОЙЛГОДОГ”
Караоке ажиллуулдаг нэгэн танил маань “Хотын татвар хоёр хувь болж нэмэгдсэнээр архи, согтууруулах ундааны үнэ өнгөрсөн жил гэхэд л 2-3 удаа өссөн. Үйлчилгээ эрхлэгч бидэнд төдийгүй, үйлчлүүлэгчдэд ч нэлээд дарамт ирсэн. Иргэд, үйлчлүүлэгчид бухимдал, гомдлоо бидэнд л гаргадаг. Тэр мөнгийг нэмж аваад байгаа юм шиг загнадаг. Гэтэл үнэндээ бид өөрсдөө ч олигтой мэдээлэлгүй байдаг. 2024 он гарангуут гэнэт л “Хотын татвар хоёр хувь боллоо” гэсэн. Ямар ч мэдээлэл өгөөгүй. Татварын алба, нийслэл рүү залгаж асуух гэхээр утсаа авдаггүй, авсан ч тодорхой юм хэлдэггүй” хэмээсэн. Татвар бол зөвхөн нэг талын оролцоотой асуудал биш байдаг. Ард нь нийгэм, эдийн засгийн олон үр дагавар хамт бий. Гэтэл хотын албан татварыг хоёр хувь болгон нэмэх процесс хөшигний ард явагдсан. Тийм ч учраас энэ чиглэлийн үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүд эсэргүүцэх, дуу хоолойгоо хүргэх нь байтугай, мэдээгүй өнгөрсөн байвал яах уу.
“Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 9.9.2-т “Нийслэл хотын албан татва¬рын хувь, хэмжээг байршил, хүн амын төвлөрлийг харгалзан, 0-2 хувийн хязгаарт багтаан нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална” гэж заасны дагуу тогтоолын төсөлд санал авч байна” хэмээн Ulaanbaatar.mn сайтаараа дамжуулан 2022 онд нийслэл мэдээлэл гаргаж байж. Иргэд санал өгөх, үгүй нь хотын удирдлагуудад хамаагүй, аливаа шийдвэрт олон нийтийн оролцоог хангах, эсэх нь хүртээлгүй учраас зүгээр зарласан болоод л өнгөрдөг. Дарга нараа магтан дуулсан мэдээ мэдээллийг гэрээтэй, гэрээгүй бүхий л хэвлэлээр хахтал нь цацуулдаг атлаа нийслэлчүүдийн яг өдөр тутмын ажил, амьдралтай салшгүй холбоотой, чухал шийдвэр, захиргааны хэм хэмжээ, тогтоолын төсөлд санал авах болохоор тэгсхийгээд чимээгүй, далдуур хийчихдэг.
2022 онд санал авч байсан тогтоолын төслийн хавсралтад “Нийслэл хотын албан татвар ногдуулах бүсчлэл, хувь хэмжээ” хэмээн тодотгожээ. Өөрөөр хэлбэл, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн тодорхой хороодыг нэг, хоёрдугаар бүс болон тусгай бүсэд хуваан авч үзээд хотын татварыг хоёр хувиар ногдуулах төлөвлөгөөтэй байж. Харин энэ бүсчлэлд багтаагүй бусад хороод болон дүүрэг хуучнаараа буюу нэг хувийн татвар төлөхөөр тусгасан байв. Бүсчлэл нь байж болох хувилбар мөн боловч Сонгинохайрхан дүүргийнхэн яагаад ч юм хотын татварт нийтээрээ нэг хувь төлөх байсныг сүүлд 2023 онд 124 дүгээр тогтоолыг батлахдаа нийтэд нь хоёр хувь болгон тэгшитгэжээ. Сүүлийн жилүүдэд Сонгинохайрханаас гаралтай хотын удирдлагууд нийслэлийн иргэдийн бүх нийтийн эрх ашгийн төлөө ажиллах ёстойгоо үе үе мартдагтай холбоотой байсан уу, мэдэхгүй.
Ямартай ч нийслэлд төсөв тойрсон найр сүүлийн жилүүдэд хавтгайрсан тухай дотор нь олон жил ажилласан хүмүүс ч, иргэд, олон нийт ч шүүмжилсээр байна. Иргэдээ төрөл бүрийн татвар, хураамжаар дарангуйлах болсон хотын удирдлагууд төсөвт төвлөрүүлсэн орлогоо хэрхэн, юунд зарцуулж буйгаа тус бүрээр нь тайлагнадаг байхыг шаардацгаая.
Л.Аргамжин