Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүнээр ажилласан жил орчмын хугацаандаа багийнхантайгаа нэгэн томоохон ажлын ард гарснаа бахархалтай гэгч нь зарлаад байна. Тэр нь манай улсын “Аялал жуулчлалын дунд хугацааны стратеги”. Анзаарсан бол Ч.Номин сайд болон аялал жуулчлалын салбарын бодлого, шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд сүүлийн үед “Монгол Улс 2030 он гэхэд хоёр сая жуулчин хүлээн авч, 3-4 тэрбум ам.доллар төвлөрүүлнэ”, “Дэлхийн эдийн зас-гийн форумаас гаргадаг аялал жуулчлалын хөгжлийн индексээр манай улс таван жилийн дараа одоогийнхоос 20 байр урагшилж, 65 дугаарт эрэмбэлэгдэнэ”, “Нэг жуулчны Монголд аялахдаа зарцуулдаг 2000 ам.долларыг 4000 ам.долларт хүргэж нэмэгдүүлнэ”, “Утаагүй үйлд-вэрлэлийн салбарт 160 мянган ажлын байр бий болгож, аялал жуулчлалын орлогыг ДНБий 10 хувьд хүргэнэ” гэх хэт “романтик”, өөдрөг төсөөллийг хаа сайгүй ярих болсон.
Энэ нь угтаа “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод үндэслэн боловсруулсан дээрх баримт бичигт тусгасан тооцоолол юм. Үүний автор нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам (ССАЖЗЯ) болон олон улсын зөвлөх үйлчилгээний “Бостон консалтинг” групп. Эдгээр байгууллагынхан олон улсын жишиг аргачлалын дагуу мэргэжлийн түвшинд боловсруулсан гэх стратегиа өнгөрсөн сарын сүүлчээр аялал жуулчлалын салбарынханд танилцуулсан ч голлох зах зээл, хөгжлийн чиг хандлагын тодорхойлолтоос эхлээд олон зүйлээрээ судлаачдад гологдож, “шалгалт”-д нь бүдрээд байна. Үүний зах зухаас нь доор дэлгэрүүлье.
ШИНЭ ХАВТАСТАЙ ХУУЧИН “СУДАЛГАА”
“Аялал жуулчлалын дунд хугацааны стратеги”-тай танилцлаа. Хураангуй буюу 50 гаруй хуудастай стратегийг нь олон нийтэд танилцуулахаар цахимд нээлттэй байршуулаад, 300 гаруй хуудас бичвэр бүхий эх хувилбарыг нь холбогдох байгууллагынханд хүлээлгэж өгсөн гэх. Хураангуйтай нь танилцаад “Эх хувилбар нь арай ч ийм биш байлгүй дээ” гэх бодол эрхгүй төрөв. Шинэ, содон зүйл, шийдэл гарц гэж хэлэхүйц зүйл үнэндээ ховор байлаа. Эхний хуудсыг нь эргүүлэв үү, үгүй юү “Та бүхэнд Соёлын яам байгуулагдсаны тав, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам үүсэн байгуулагдсаны нэг жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын тайлан, томоохон бодлого, стратегиа цувралаар танилцуулж байна” гэсэн ССАЖЗ-ын сайд Ч.Номингийн зурагтай мэндчилгээ гараад ирэх нь тэр. Сайдын ажлын тайлан уу, салбарын стратегийн баримт бичиг үү гэдгийг үнэндээ ойлгосонгүй. Хуудсыг нь цааш эргүүлэх тусам харин “Стратеги үү, судалгааны тайлан уу” гэх эргэлзээ төрлөө.
Стратеги гэдэг бол аливаа байгууллага, улс, эсвэл хувь хүн зорилгодоо хүрэхийн тулд урьдчилан төлөвлөсөн, тодорхойлсон системтэй, уялдаа холбоотой үйл ажиллагаа, шийдвэрүүдийн цогц юм. Энгийнээр хэлбэл, хаашаа явах, түүндээ хэрхэн хүрэх, хэн хариуцаж хийх вэ гэдгийг тодорхойлсон төлөвлөгөө гэж ойлгож болно. Энэ ч үүднээс “Аялал жуулчлалын дунд хугацааны стратеги” бол аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбар хэмээн тодорхойлсон “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт нийцүүлэн боловсруулсан замын зураг, алсын хараа гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ стратеги Монгол Улс “утаагүй үйлдвэрлэл”ийг эдийн засгийн тэргүүлэх салбараа болгохын тулд юу хийх, ямар асуудлуудыг шийдэх ёстой вэ гэдэгт замчлах ёстой юм. Харамсалтай нь, бодлогын, стратегийн чанартай шийдэл, дорвитой зөвлөмж, төлөвлөгөө үүнд харагдсангүй. “Ковид-19” цар тахлаас хойших аялал жуулчлалын салбарын нөхцөл байдал, өөрчлөлтүүдийн тойм гэж хэлж болохоор. Тийм ч учраас салбараа мэддэг хүмүүс нь “Эл доль, улиг болсон үзүүлэлттэй” гэж голж, чамлахаас ч яах билээ. Уг нь энэ чинь олон улсын байгууллагынхантай хамтран боловсруулсан стратеги шүү дээ.
АМЕРИКИЙГ ГОЛЛОХ ЗАХ ЗЭЭЛЭЭР НЭРЛЭВ
Талууд өөрсдийн хийсэн судалгаанд үндэслэн аялал жуулчлалын салбар дахь манай улсын өрсөлдөгч хийгээд зорилтот зах зээлийг тодорхойлжээ. Олон улсын зах зээл дэх Монголын хамгийн ойрын өрсөлдөгч нь Казахстан, Киргиз, Вьетнам, Бутан, Балба, Өмнөд Солонгос, Шинэ Зеланд, Өвөр Монгол гэнэ. Эндээс бидэнтэй соёл, ахуй амьдрал, байгаль, цаг уур зэргээрээ илүү төстэй буюу гол өрсөлдөгч нь Киргиз, Казахстан, Өвөр Монгол хэмээн нэрлэжээ. Харин голлох зах зээл буюу ирээдүйд илүү олон жуулчин татаж, ашиг орлого олох боломжтой, одоо ч тэргүүлэх байр суурьтай байгаа улсуудад Америк, Герман, Хятад, Орос, Өмнөд Солонгосыг багтаасан байна. Эдгээрийг нэгдүгээр түвшний зах зээл гэж үзэж. Орос, Хятад, Солонгосыг ийм ангилалд багтаасантай хэн ч маргахгүй.
“Ковид-19” цар тахлаас хойш манай улс Азийн орнуудын зах зээл рүү чиглэсэн бодлого түлхүү хэрэгжүүлсний нөлөөгөөр солонгос, хятад, орос жуулчид жин дарах болсон. 20192024 онд Монголд ирсэн аялагчдын 55 орчим хувь нь хойд, өмнөд хөршийн иргэд бол 24 хувь нь солонгосчууд. Дараа нь казахстан, япон, америк, герман, беларусь, турк, францчууд 1-2 хувийг эзэлснээр бичигдэж буй. Орос, Украины дайнаас шалтгаалан Монголд ирэх америк, европ жуулчдын урсгал сүүлийн жилүүдэд эрс татарсан, одоо ч агаарын тээвэр хязгаарлагдмал буй бөгөөд энэ таагүй “уур амьсгал” урт хугацаанд хадгалагдах төлөвтэй гэж судлаачид үздэг. Гэтэл дээрх стратегийг боловсруулагчид нэгдүгээр түвшний зах зээлд Америк, Германыг багтаажээ. Бид жуулчдыг “шар толгойтнууд”аар л төсөөлж, байдгаа барьж гүйдэг ч тэдний хувьд тэргүүлэх сонголт, голлох зах зээл нь Монгол байгаагүйг цар тахлын өмнөх үеийн ч, түүнээс хойших ч статистик харуулдаг. Гэтэл нэг бүс нутгийн, агаарын тээврийн маршрут, хүртээмж харьцангуй сайтай, сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбарт манайхтай онцгой харилцаатай буй Япон, Вьетнам, Тайланд зэрэг улсын урдуур Америк, Германыг дайруулсан нь хачирхалтай.
Үнэндээ ССАЖЗЯ-ныхан долоон хэмжигдэхүүнд үндэслэн голлох зах зээлийн орнуудыг тодорхойлсон гэх ч сүүлийн таван жилийн статистик үзүүлэлтүүдийг шүүж байгаад л эрэмбээр нь жагсаачихсан гэлтэй харагдаж байгаа юм. Тиймээс л салбараа мэддэг, дүн шинжилгээ хийдэг хүмүүс “Америкийн оронд яагаад Арлын орныг багтаасангүй вэ”, “Турк, Казахстаныг нэрлэсэн бол илүү бодитой санагдах байлаа” гэхчлэн итгэж ядан сэтгэгдлээ хуваалцаж байна. Уг стратегийг Америкийн менежментийн компанитай хамтран боловсруулсан учраас тэдэнд ая тал засаад, эрх чөлөөний орныг эн тэргүүнд эрэмбэлчихсэн юм биш байгаа гэх хардлага ч төрөв.
Хоёрдугаар түвшний буюу цаашид өсөх, багавтар зах зээлд Япон, Турк, Их Британи, Франц, Казахстаныг, харин гуравдугаар түвшнийхэд Вьетнам, Тайланд, Индонез, Энэтхэг, Саудын Араб, Катарыг багтаажээ.
ХӨСӨРДСӨН ХҮЛЭЭЛТ
“Аялал жуулчлалын дунд хугацааны стратеги” боловсруулах ажлын хүрээнд 12 мянга гаруй хүнийг хамруулсан судалгаа хийж, тэргүүлэх ач холбогдолтой жуулчны долоон сегментийг тодорхойлжээ. Манай улсын аялал жуулчлалд өрнийн болон дорнын ахмадууд, соёлын залуу аялагч, гайхамшиг эрэлхийлэгч ахмад гэр бүл, дурсамж бүтээгч залуу гэр бүл, ганцаарчилсан сүсэгтэн, байгалийн адал явдлын идэвхтэй аялагч нар зонхилох байр суурьтай, цаашид ч тийм байна гэж бичжээ. Тэгснээ “Монгол орны бүс нутаг бүрийн онцлог нь жуулчны сегментүүдийн тусгай сонирхол, эрэлт хэрэгцээнд тохирно” хэмээгээд бүс бүсээр нь дээрх жуулчны бүлгүүдэд харгалзуулчхаж. Тухайлбал, манай орны баруун бүс нутаг байгальд идэвхтэй адал явдлын аялагчид болон өрнийн ахмадууд, ганцаарчилсан сүсэгтнүүдийн хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд тохирдог гэнэ. Харин говийн бүс өрнө, дорнын ахмадууд болон гайхамшиг эрэлхийлэгч нас тогтсон гэр бүлийн таалалд нийцдэг гэх. Угтаа ийм олон хүнээс санал асуулга авч, аялагчдыг насны бүлэг, сонирхол, эрэлт хэрэгцээгээр нь сегмент үүсгэснийх үүндээ тулгуурлаад дорвитойхон прогноз гаргах хэрэгтэй шүү дээ.
Наанадаж олон улсын зах зээл дэх чиг хандлага, жуулчдын хэрэгцээ ямар буй, тэр нь манай улсынхтай хэрхэн уялдаж байна, энэ судалгааны үр дүнд цаашид хэр удаан хугацаанд хадгалагдах төлөвтэй, бид үүнд нийцүүлэн ямар ажлуудыг хийх ёстой вэ гэдгийг тооцоолж, зу рагламаар санагдах. Олон улсын аялал жуулч¬ лалын зах зээлд хамгийн нөлөө бүхий “тоглогчид” тооцогддог хоёр томоохон улс (Хятад, Энэтхэг)-ын нэгтэй нь хөрш зэргэлдээ оршдог, нөгөөтээгүүр, Бутаны жишгээр хамгийн үнэ цэнтэй, цэвэр ахуйд түшиглэсэн аялал жуулч¬ лалыг хөгжүүлэх боломжтой цөөн орны нэг гэж үнэлэгддэг ч нэг сая жуулчны эрэлд гараад цөөнгүй жилийн нүүр үзэж буй Монгол Улс бол судлагдахуун талаасаа ч, нөөц, өгөгдлийн хувьд ч онцгой “бүтээгдэхүүн” юм. Тэр утгаараа олон улсын зөвлөх үйлчилгээний байгууллагатай хамтран боловсруулсан стратегиас их зүйл хүлээж, горьдож байснаа нуух юун.
Харамсалтай нь, олон нийтэд нээлттэйгээр байршуулсан хувилбар нь лав энэ хүлээлтэд нийцсэнгүй. Эх хувилбар нь ямар гэдгийг мэдэхгүй юм. Байгальд идэвхтэй адал явдлын аялагч, ганцаарчилсан сүсэгтэн аялагч, гайхамшигч эрэлхийлэгч нас тогтсон гэр бүл зэрэг нэр томьёолол нь ч монгол хүмүүсийн сэтгэлгээ, хэл соёлд нэг л бууж өгөхгүй байгааг уншигчид анзаарсан болов уу.
ТАВАН ТЭРБУМЫН СУРАГ
Дээр дурдсан алдаа дутагдал, хуумгай дүгнэлтээс үндэслэн зарим судлаач “Аялал жуулчлалын дунд хугацааны стратеги”-ийг боловсруулахад дотоодын эрдэмтэн, судлаачдыг оролцуулаагүй байх хэмээн хардаж буй. Салбарын сайд нь ч үүнийгээ ССАЖЗЯ болон “Бостон консалтинг”-аар авторлож байгаа. Тэгэхээр тус яаман дахь аялал жуулчлалын бодлого хариуцсан алба, нэгжийнхэн голлох байр суурьтай оролцоод, ихдээ л Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, Монголын аялал жуулчлалын холбооны зарим мэргэжилтэн, судлаачийг хамруулсан болоод энэ ажлыг гүйцэтгэсэн байх магадлалтай. Үгүй бол ийм хэл ам, шүүмжлэл гарахгүй л болов уу.
Үүнтэй зэрэгцээд энэхүү стратегийг 1.5 сая ам.доллар буюу таван тэрбум төгрөгөөр боловсруулсан гэх мэдээлэл ч тархлаа. Төрийн худалдан авах ажиллагааны болон ССАЖЗЯ-ны цахим системд үүнтэй холбоотой ямар нэгэн баримт байхгүй ч аялал жуулчлалын салбарын, мэдээлэлд ойр хүмүүс ийн хэлж байгаа нь учиртай.
МУИС-д харьяалагддаг нэгэн судлаач “Ирээд буцах сайд нарт салбар ямар байх нь хамаагүй гэдэг хандлагаар энэ стратегийг боловсруулсан, бусад нь үүнийг мэдсээр байж мөнгөн аяга, хадаг барьж доромжлолыг нь хүлээн авсан” гэсэн утга агуулгатай зүйл бичсэн байна билээ. Ерөөс сүүлийн жилүүдэд манай улс аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон улсад сурталчлах, жишиг, туршлага судлах нэрийдлээр олсноосоо илүүг гадаад зах зээл рүү урсгах болсон. Ашгаа мэдээлээд, алдагдлаа хав дарчихдаг.
Нийгмийн сүлжээнд олон сая дагагчтай, нөлөө бүхий хүмүүсийг төсвийн мөнгөөр “зодон” авчирдаг ч тэр талаарх мэдээллээ мөн л тас нуучихдаг. Бараг л урилга заллага илгээн, замыг нь тосон газарчилж байж үнэгүй сурталчилгаа хийлгэхээр авчирсан гэж үлгэр зохиодог. Тэгэхээр олон улсын нэр хүндтэй гэж тодотгож буй уг компанидаа мөн ийм байдлаар багагүй хэмжээний мөнгө өгч стратеги нэртэй тайлан гаргуулсан байж болзошгүй, магадгүй үүнийх нь өртөг таван тэрбум төгрөг байхыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ ийм хэмжээний мөнгөөр боловсруулсан стратеги гэхэд дэндүү жул, чамлалттай санагдсаныг эцэст нь дахин онцолъё.
Н.Мишээл