Нийслэлийн ИТХ-аас 2025 оны хотын төсвийг батлахдаа Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээ, мөн авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолын төслөө хамтад нь чимээгүйхэн зүтгүүлж, санасандаа хүрсэн. Зургаан сарын өмнө хөшигний ард чухам юу болсныг нийслэлчүүд дөнгөж одоо л мэдэж байна. “Эрийн сайндаа” гэдэг шиг хотын машинд ногдуулах татварын нэмэгдлийг цуцлах өргөдөлд 33 мянган иргэн гарын үсэг зурснаар УИХ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сард ажлын хэсэг гаргасны ачаар шүү дээ. Улаанбаатарын дугаартай тээврийн хэрэгслийн татварыг огцом нэмсэн шалтгаан, шаардлага нь учир дутагдалтай, иргэдийг мэдээлэлгүйгээр нь далимдуулж хувь хэмжээг шинэчилж баталсан нь буруу гэж ажлын хэсгээс дүгнэсэн бөгөөд Төсвийн байнгын хорооны уржигдрын хуралдаанд дээрх асуудлаар нийслэлийн холбогдох албаныхан тайлбар, мэдээлэл өгөх үеэр олон зүйл ил болов.
15 жилийн дараа гэнэт хотын тээврийн хэрэгслийн албан татварыг гурав, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлснээ нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Бид анх автомашины албан татварын хэмжээг дөрөв дахин нэмэгдүүлэхээр бэлтгэж байсан. 2024 оны арваннэгдүгээр сард хийсэн нийслэлийн төсвийн хэлэлцүүлгийн үед 15 иргэний санал асуулга, ярилцлагын үр дүнд үүнийг эргэн харж гурав болгон бууруулсан. Арванхоёрдугаар сарын 18-нд татвар нэмэх асуудлаар тусгайлан санал асуулга явуулахад хоёр хүн оролцоод, дэмжихгүй гэсэн” хэмээх “түлээрсэн” тайлбараар аргацаана лээ. Хажуугаас нь өөр нэг “хурган” дарга дэм өгөхдөө “Хэм хэмжээний актыг гаргахдаа сонирхлын зөрчилтэй хүмүүсийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах ёстой. Автомашины албан татварыг нэмэх асуудалд хоёр иргэн цахимаар саналаа ирүүлсэн. Хоёр хүн л байна, 200 иргэн биш учраас захиргааны хэм, хэмжээний акт гаргахгүй гэдэг зохицуулалт байхгүй” гэж “төмс” царайлав. Дөрөв биш, гурав дахин нэмсэнд баярлаад дуугүй байх ёстой санж.
Захиргааны хэм, хэмжээний актыг тогтоохдоо нэн түрүүнд энэ талын мэдээ мэдээллийг иргэдэд ил тод өгч, сонирхлын бүлгүүдийн дунд хэлэлцүүлэг явуулж, нээлттэй санал асуулга зохион байгуулах зэргээр оролцоог нь сайтар хангах учиртай. Гэтэл нийслэлийнхэн тэгсэнгүй. Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг 1.6 сая гаруй иргэн, нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 718 мянган тээврийн хэрэгсэл, 332 мянган татвар төлөгчид хамаатай томоохон асуудлыг албаны цахим хуудсаараа ганц өдөр санал асуулга явуулсан болоод, түүнд нь оролцсон хоёр иргэн (гол нь өнөөх хоёр хүн дэмжихгүй гэсэн)-ээр ам хаагаад шийдчихэж. “Нийслэлчүүдийг дээрх хоёр иргэн төлөөлөх үү, хотын төсвийн хэлэлцүүлгийн үеэр тээврийн хэрэгслийн албан татварыг нэмэх асуудлыг дурдаад л өнгөрсөн нь оролцоог хангасан гэх үндэслэл болох уу” хэмээн УИХ-ын гишүүн Ж.Баясгалан тэднээс ам асууж, ийм дураараа, ийм түрэмгий, ийм эрүүл бус тогтолцоо байж хэрхэвч болохгүй гэдгийг Н.Алтанхуяг гишүүн хатуу сануулсан нь зүйн хэрэг.
“2025 оны улсын төсөв хэлэлцэж байхад Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн албан татвар дээр ийм хэмжээний орлого нэмэгдэх тухай манай дээр лав орж ирээгүй шүү” хэмээн Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн улайчхаад байна. Гэтэл нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Нийслэлд машин унадаг хүмүүс автобусаар үйлчлүүлдэг иргэдээсээ ч хямдаар зорчиж байна. Дурын ББСБ-аас зээл аваад машинтай болж, хэдхэн сарын дотор таксинд явж өрөө төлчихдөг тэднээс болж хотын түгжрэл нэмэгдсэн. Жилд 20-хон мянган төгрөг төлдөг учраас татварыг нь 100 мянга болгосон. Улаанбаатарт нэг иргэн дунджаар 6000 км явдаг, тэр замыг нь засах гээд байна” хэмээн “түгжилдэх” нь эрх мэдэлдээ эрдсэн галзуурал биш үү.
Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөх, шинэчлэх чинь төсвөөс цалин авч байгаа та бүгдийн хийх ёстой үндсэн ажил болохоос биш, хүний хувийн өмч, эд хөрөнгийг шүлсээ үсчүүлэн буруушааж, түүгээр далимдуулан алба гувчуур, татвараа захиргаадалтын аргаар 3-5 дахин нэмэх шалтгаан хайдаг байж таарахгүй. Хүн орлогоо нотолсон л бол зээл тавиад машинаа авна уу, брэндийн цүнхээ авна уу, дурын хэрэг. Түгжрэх байсан ч машинаа унах, эсэх нь мөн л тухайн хүний сонголт, эрхийн асуудал. Мөн төлсөн татвараа юунд, хэрхэн зарцуулж байгааг иргэд мэдэх эрхтэй. Хоёрхон хүний саналаар татвар нэмэх шийдвэр гаргачихдаг юм бол 33 мянган хүний гарын үсгийг одоо хэрхэх вэ.
Л.Аргамжин