Английн алдарт зохиоч Виржиниа Вүүлф эмэгтэй хүн уран бүтээл туурвихад өөрийн гэсэн өрөө, мөнгө хоёр хэрэгтэйг онцолж, “Өөрийн гэсэн өрөө” нэртэй эсээ бич¬ сэн нь феминизм, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө хөдөлгөөний тухай чухал лавлагааны материалд тооцогдож, өнөө үед хүйсийн эрх тэгш байдлын өмгөөллийн гол “тунхаг” бичиг гэгддэг. Хэрэв та анзаарсан бол саяхан “Огцрох амархан, эмэгтэй Ерөнхий сайдтай болох ч амархан” нэртэй, содон өнцөгтэй, баримттай, үндэслэл, гаргалгаатай нийтлэл цахим орчинд нэлээд түгсэн дээ. “Эмэгтэй ерөнхий сайдтай байж яагаад болохгүй гэж” хэмээн асуудал хөндсөн “хэргийн эзэд” нь мөнөөх Виржиниа Вүүлфийн алдарт бүтээлээс нэрээ “зээлдсэн” таван бүсгүй бөгөөд “Room24” хэмээх Монголын анхны гишүүнчлэлд суурилсан, эмэгтэйчүүдийн төрөлжсөн цахим хуудсыг үүсгэн байгуулагчид юм.
100 жилийн тэртээ буюу 1925 оны гуравдугаар сард хэвлэгдсэн “Бүсгүйчүүдийн санал” сэтгүүлээс Монголын эмэгтэйчүүдийн хэвлэлийн түүх улбаатай ч эдүгээ үйл ажиллагаа явуулж буй 500 шахам хэвлэл мэдээллийн байгууллага дунд энэ чиглэлээр тууштай дагнасан нь хараахан алга. Монгол Улс 1924 онд эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг хуульчилсан Азийн анхны улс болсон ч энэ амжилтаа бататгаж чадалгүй өдий хүрчээ. Саяхнаас л УИХ-ын гишүүдийн 25, аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн 27.5, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн 28 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг болгосон. Гэвч энэ нь дэлхийн дунджаас доогуур үзүүлэлт тул монгол эмэгтэйчүүдийг баримттай, хэрэгцээтэй мэдээлэл, эх сурвалж, хэрэгслээр хангаж, ардчилалд тэгш оролцох боломжийг нь нэмэгдүүлэх, улс төр, бизнесийн салбарт манлайлж, амжилтад хүрч, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд нь хувь нэмэр оруулах эрхэм зорилготой “Room24” цахим платформ шинээр мэндэллээ.
Монголын нийт хүн амын 51, их, дээд сургуульд суралцагсдын 61 хувийг бүрдүүлж буй эмэгтэйчүүдийн сарын дундаж цалин 1.6 сая буюу эрчүүдийнхтэй харьцуулахад 500 мянгаар бага байгаа бөгөөд энэхүү зөрүү жилээс жилд нэмэгдэж, өдгөө дэлхийн дунджаас ч өндөр болжээ. 2023 оны байдлаар төрийн албан хаагчдын дийлэнх буюу 64 хувийг эмэгтэйчүүд эзэлж байсан ч төрийн захиргааны тэргүүн зэргийн түшмэлийн албан тушаалд ажиллаж буй хүмүүсийн 30 хувийг нь л бүсгүйчүүд бүрдүүлжээ. Монгол эмэгтэй өдөрт 273 минут буюу 4.5 орчим цагийг хөлсгүй хөдөлмөрт зарцуулж буй нь эрэгтэйчүүдтэй харьцуулахад хоёр дахин их байна.
Энэ мэт тоо баримтаас харахад монгол эмэгтэйчүүд өндөр боловсролтой, нийгмийн хөдөлгөгч хүч болж байгаа ч улс төр, бизнесийн шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоо сул буйг өөрчлөх зорилготой бүсгүйчүүд бүгд “Өнөөдөр”, “Зууны мэдээ” гэсэн өдөр тутмын сониноос ажлын гараагаа эхэлсэн хариуцлагатай, ёс зүйтэй, мэргэжлийн зар¬ чимтай, “хэл ус”-наас эхлээд мэдлэг боловсролтой, баримт судалгаатай сэтгүүлчид гэдгийг онцлох нь зүйтэй. Тийм ч учраас улс төр, эдийн засаг, нийгмийн чухал бодлого, шийдвэр, үйл явдлууд эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлөх өнцгөөс харж, гүнзгий анализ хийсэн даацтай бүтээлүүд тэдний гараас гарах нь дамжиггүй.
Сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй редакцуудын хувьд өөр өөрсдийн гэсэн ялгарал, нийтлэлийн бодлоготой, уншигчдын тодорхой хүрээлэлтэй байх нь чухал ч үүнээс гадна бизнесийн ямар модел ашигладгаараа өрсөлддөг байна. Олон улсад хэдийн тренд болж буй гишүүнчлэлд суурилсан бизнесийн моделийг Монголын сэтгүүл зүйд нэвтрүүлсэн анхны платформ гэдгээрээ онцлогтойг “Room24”-ийг үүсгэн байгуулагч, ерөнхий стратегич Д.Мөнхчимэг ярилаа. Гишүүд нь зөвхөн уншигчид байгаад зогсохгүй өөрсдөө контент бүтээгч, хөрөнгө оруулагч, асуудал дэвшүүлэн шийдвэрлэгч, манлайлагч байх зэргээр оролцоог нь хангах аж.
Өдөр, шөнийн алинд ч өөрсдийн гэсэн өрөөгөөрөө зочилж, урам зориг, эрч хүчийг олж, тулгамдсан асуудлаа шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, аз жаргал, баяр баясгалантай амьдрахад тань туслах хэрэгцээтэй, судалгаатай мэдлэг, мэдээлэл олж авах боломжтойг “Room24”-ийнхөн онцолсон. Эмэгтэй сэтгүүлч, судлаачдын үүсгэн байгуулсан платформ зөвхөн бүсгүйчүүдэд “өмчилсөн” өрөө бус, эрчүүд ч гишүүнээр элсэх боломжтой юм байна.
Л. Аргамжин