Улаанбаатар хотод жилийн жилд улиасны унгирлаар л зун болсныг мэдэрдэг гэвэл хилсдэхгүй. Зургаадугаар сарын дунд үеэс хотын гудамжаар цас бударч байгаа аятай цагаан “хөвөн” агаарт эрчимтэй хийсдэг билээ. Улиасны унгирлаас үүдэн олон хүний ургамлын харшил сэдэрч, нүд загатнах, нус гоожих, найтаах, хоолой загатнах, бачуурах зэрэг шинж тэмдэг илэрч, хүүхэд, хөгшидгүй энэ төрлийн эмнэлэгт дараалал үүсгэдэг гэхэд хилсдэхгүй.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уушги, харшил судлалын төвийн их эмч Г.Анхболдоос энэ талаар лавлахад “Улиасны унгирал нь модлог ургамлын харшилтай хүмүүсийн өвчнийг сэдрээдэг. Тиймээс харшилтай хүмүүс гэлтгүй, ер нь иргэд энэ төрлийн өвчнөөс сэргийлэхийн тулд улиасны унгирал унах үеэр гадуур гарахдаа нүдний шил, амны хаалт зүүж хэвших хэрэгтэй” гэсэн юм. Харин Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн “Улиасны унгирал харшил үүсгэгч хүчин зүйл биш. Биед наалдсан учраас л загатнуулдаг” хэмээн энэ талын судалгаа, шинжилгээ хийдэггүй хүмүүс шиг хээв нэг өөрсдөөсөө холдуулсан хөндий тайлбар хэлж байх юм.
Жил бүрийн өдийд улиасны унгирал ам, хамар луу орж, нүд загатнуулах зэргээр хэн хүнгүй байж ядахад хүргэдэг. Гэтэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан улиасыг даралттай усаар шүршихээс өөр юу ч хийж чадахгүй байна. Мөн тоосжилтын үе эхлэхээс өмнө буюу хаврын улиралд улиасыг тайрч, унгирлыг нь бууруулах зорилгоор эм улиасны 60 орчим хувийг хэлбэржүүлдэг гэнэ. Гэвч энэ нь төдийлөн үр дүнгүй тул иргэд ханиаж, найтааж, халуун зунаар зузаан маск зүүхээс өөр аргагүй байдалтай жил жилийг аргацаасаар өнгөрдөг.
Харин туршлагатай модлог ургамал тариалагчид “Эм улиасыг хотын төвд тарихад үнэхээр тохиромжгүй. Ойжуулалт, уул уурхайн нөхөн сэргээлтэд л үүнийг түгээмэл ашигладаг. Улиасны унгирлыг бууруулахын тулд усаар шүршээд ямар ч нэмэргүй. Наранд ус нь хатаад буцаад л унгирал агаарт дэгдэж эхэлдэг. Улиасыг анхнаас нь эр, эмээр тэнцвэртэй тарих хэрэгтэй. Гадаадын улс орнууд манайх шиг хотын төвдөө улиас тарьдаггүй” хэмээн байр сууриа илэрхийлж буйг хотын захиргааныхан анхааралдаа авмаар сан. Нийслэлийн хэмжээнд одоогоор 38 600 орчим улиас байгаагаас 18 300 нь эм аж. Одооноос л улиасыг шинээр тарихдаа хөвөн гардаггүй шинжаан сортыг нь сонгож буй гэх боловч хуучин суулгасан эм улиасуудаа буцааж булгалах аргагүй тул услахаас л өөр замгүй гэнэ. Тэгэхээр нийслэлчүүд мөддөө унгирал, харшлаас салахгүй нь бололтой.
У.Сүрэн