Хан-Уул дүүргийн нутаг, Яармаг дахь Морин спорт, сургалтын төвөөс энэ сарын 7-нд Монголын үндэсний морьт харвааны клубийн 18 морийг хулгайлсан талаар бид өмнө нь мэдээлсэн. “Чингисийн хүрээ” амралт, жуулчны бааз руу явах замд байдаг Морин спорт сургалтын төвийн орчмоос Монголын үндэсний морьт харвааны холбооны дэргэдэх “Намнаа” академийг үүсгэн байгуулагч, хар¬ваач Н.Алтанхуягийн эзэмшлийн хээр, зээрд, хүрэн, бор зүсмийн агтыг хулгайлсан хүмүүсийг ЭЦА-ны Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэс, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд илрүүлэн Төв аймаг дахь Цагдаагийн газарт саатуулсан юм.
Тэдний хулгайлсан агт дунд төрийн наадмын нээлт, хаалтад морьт харваачдын ур чадварыг толилуулахад унадаг, өнгөрсөн жил зохион байгуулсан Дэлхийн нүүдэлчдийн наадмаас мөнгөн медаль хүртсэн хурдан буурал тэргүүтэй тусгайлан сойж бэлтгэсэн морьд байсныг Монголын үндэсний морьт харвааны холбоог үүсгэн байгуулагч Б.Болдбаатар, “Намнаа” академийг үүсгэн байгуулагч Н.Алтанхуяг нар хэвлэлийнхэнд нулимс дуслуулан ярьсан нь нийгмийн сүлжээнд олны анхаарлыг татаад байна. Морьт харваачдын 10-аад жил сойж сургасан агтыг хулгайлсан хүмүүсийн дунд шавь нар нь байсныг Б.Болдбаатар өгүүлсэн. Тэрбээр “Юуг нь нуух вэ, тэр хулгайч нар дотор миний шавь байж. Хээрийн чонотой нийлсэн гэрийн нохой гэдэг шиг зан гаргаж багш нарынхаа хайртай хүлгийг алж байхдаа нүд цавчаагүй шавь нартаа харамсаж байна. Миний хувьд сүүлийн 8-9 жил Яармаг, Сонгино зэрэг захын гэр хорооллоос хулгай дээрэм хийдэг, архи дарс уудаг өсвөр насны хүүхдүүдийг олноор нь олж, морьт харваанд сургасан. Миний санаа бол өв соёл уламжлалаараа дамжуулан тэднийг харанхуй амьдралаас нь гэрэлд хүргэж сайн хүн болгох гэж мөрөөдөж явдаг. Тиймээс хүүхдүүддээ “Таван жилийн дараа Австралид сургууль төгсгөнө. Төрдөө, эх орондоо хэрэгтэй хүн болно” гэж мөрөөдлөө хэлдэг. Бүтэхгүй хүмүүстэй нийлж, архи дарс ууж явахад нь загнаж, алгаддаг явдал бий.
Түүнд өсөрхөж, “Багш нар загнаж, зэмлэсэн учраас энэ мууг хорлоно” гэх байдлаар хандсан байна” хэмээн ярьсан юм. Тэгвэл ЦЕГ-ын Хэвлэл, мэдээл¬лийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Баярбилэг “Энэ сарын 7-ны өдрийн 19.30 цагийн үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс наадмын үйл ажиллагаанд оролцуулахаар бэлтгэж байсан 5-12 насны 18 морь алга болсон гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг шуур¬хай явуулж, 17-29 насны дөрвөн этгээдийг уг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна. Хулгайд алдагдсан морьдыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь малын бойны газар төхөөрсөн нь тогтоогдсон” гэсэн мэдээлэл өгсөн билээ.
Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр 18 агтыг хулгайлсан хүмүүс Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг, “Мал бордох” хэмээх суурьшлын бүсэд аваачин хашиж байгаад 1-2 хоногийн дараа нядалгааны газарт оруулж төхөөрүүлсэн нь тогтоогджээ. Тэд нийтдээ 19.8 сая буюу нэг морийг дунджаар 1.1 сая төгрөгийн ханшаар борлуулсан гэх мэдээлэл бидэнд ирэв. Харин тэднээс агт авч нядалсан бойны газрынхан гарал үүслийн гэрчилгээг нь ч шалгалгүй төхөөрсөн нь тодорхой болжээ. Эдгээр морьд 19.8 саяар үнэлэгдэх үү, үүнээс өндөр ханштай байх уу гэдгийг хохирогчид тодорхойлох биз. Яагаад гэвэл олон жил сойж, сургахад үүнээс илүү зардал гарах нь ойлгомжтой. Энэ хэрэг, явдалтай холбоотойгоор Монголын морьт харвааны холбооныхон хандивын аян өрнүүлж, цөөнгүй уяач, улс төрчид морьд бэлэглэж буйгаа олон нийтийн сүлжээнд зарлаад байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Дэлхийн адууны өдрийг жил бүрийн долоодугаар сарын 11-нд тэмдэглэж, түүнтэй холбоотой соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүлж, таниулах тогтоолын бэх нь хатаж амжаагүй шахам байхад санаачлагч оронд нь ийм балмад явдал гарлаа. Тиймээс монголчууд бид адуу хилээр гаргадаг, хулгайлдаг хүмүүстэй эрчимтэй тэмцэж, тэднийг өөгшүүлдэг хууль эрх зүйн орчныг эргэн харж, хатуу хариуцлага тооцдог болох ёстой бус уу.