Израил 2025 оны зургаадугаар сарын 13- ны шөнө 40 жилийн зөрчил тэмцлийн түүхэндээ хамгийн өргөн цар хүрээтэй цохилт Иранд өгөв. Ираны цөмийн зэвсгийн объектууд, Натанзе дахь төвд нь цохилт өгөх, түүнчлэн цэргийн удирдлага, цөмийн хөтөлбөрийн тэргүүлэх эрдэмтдийг устгах нь энэ үйлдлийн гол зорилго байжээ. Энэ зорилгоор Израилын 200 гаруй нисэх онгоц Ираны газар нутаг дээрх 100 илүү бай руу довтолсон аж. Уг цохилтод баллистик пуужингийн үйлдвэрүүд, цэргийн бааз, командын байрууд, агаараас эсэргүүцэн хамгаалах систем, пуужингийн төхөөрөмжүүд өртжээ. Түүнчлэн Исламын хувьсгалыг хамгаалах корпусын командлагч Хосейн Салами, штабын дарга Мохаммад Багери, Корпусын элит салбарын командлагч Голам-Али Рашид, Корпусын агаарын цэргийн хүчний командлагч Али Хажизаде зэрэг цэргийн томчууд болон зургаан цөмийн физикч амиа алдсан байна. Фордо, Исфахан дахь цөмийн хоёр объект хохирол амсаагүй гэж Олон улсын цөмийн энергийн агентлаг (МАГАТЭ) мэдээлжээ. Тегеран хотын орон сууцын хороололд 78 хүн амиа алдаж, 389 иргэн шархадсан гэж “Reuters” агентлаг уламжлав.
Иранд шахын дэглэмийг түлхэн унагаж, аятолла Рухолла Хомейнигийн тэргүүлсэн шийтийн шашны тал Засгийн эрхэнд гарсан 1979 оноос Израил, Ираны зөрчил тэмцэл эхэлсэн байдаг. Дээд удирдагч гэгдэж байсан Хомейни Израилыг улсын хувьд оршин тогтнохыг Иран хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдээд Арабын түүхэн газар нутгийг булаан эзэллээ хэмээн буруутгасан юм. Арван жилийн дараа дээд удирдагчийн суудалд Хомейнигийн оронд Али Хаменей сууж, тэрбээр Израилыг “Бүс нутгийн хорт хавдар” гэж нэрлээд ТельАвивын эсрэг ариун дайн зарлахыг уриалав. Уг нь бол исламын хувьсгалаас өмнө эдгээр улс холбоотон гэгдэж байжээ. Засгийн эрхэнд аятолла нарын дэглэм ноёрхох хэрээр Иран улс Израилаас холбоогоо улам хөндийрүүлж ирсэн байна. 1980-ад оноос өөрийн эрх ашигт зүтгэх бүлэглэл, холбоотнуудын бүхэл бүтэн тогтолцоог Израилын эргэн тойронд Иран бий болгож эхэлжээ. Израил хийгээд Өрнөдийн эсрэг бүрэлдсэн албан ёсны бус эвслийг яваандаа “эсэргүүцлийн тэнхлэг” гэж нэрлэх болсон аж. Израилын эсрэг тэмцэгч Ливаны “Хезболла”, Йемений хуситын “Ансар Аллах”, Гаазын зурвасын ХАМАС, Сирийн Башар Асадын дэглэмтэй Иран идэвхтэй хамтарч байв. Тэгвэл Израил нь 2007 онд цэргийн эргэлтийн дараа Гаазын секторыг эзэлж авсан ХАМАС-тай дайн хийсээр ирсэн билээ.
Энэ бүхнээс гадна 1980-ад оноос Иран цөмийн хөтөлбөр хөгжүүлж байгаа юм. Тус улсыг энхийн зорилгоор гэх халхавчаар цөмийн зэвсэгтэй болохыг хичээж байгаа хэмээн олон улс зэмлэсээр ирсэн билээ. Энэ хөтөлбөр газар авах тусам Ираныг бүс нутгийн аюулгүй байдлын гол аюул занал гэж Израил үзэх болсон. Ингээд өнгөрсөн хугацаанд хоёр улс биенийхээ эсрэг хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсаар ирсэн байх юм. 2020 онд Ираны Батлан хамгаалах яамны Судалгааны төвийн тэргүүн, цөмийн физикч Мохсен Фахризадег Израил хөнөөв. 2021 онд Ираны Натанзе дахь цөмийн объектод осол гарч, 2023 онд Исфахан дахь цэргийн үйлдвэрүүд рүү нисгэгчгүй төхөөрөмжөөр довтолсон юм. Эдгээрийг Израил үйлдсэн гэж үздэг. 2022, 2023, 2024 онд ТельАвив Исламын хувьсгалыг хамгаалах корпусын өндөр албаны хэд хэдэн хүний амийг хохироолоо.
2024 онд энэ хоёр улс цэргийн мөргөлдөөнд илт оров. Дөрөвдүгээр сард Дамаск дахь Ираны консулын газар руу Израил дайрч Корпусын хоёр генералын аминд хүрсэн. Хариуд нь Тегеран 300 гаруй пуужин, дрон Изриал руу харвав. Долоодугаар сард ХАМАС-ын тэргүүн Исмаил Ханияг, есдүгээр сард “Хезболла”-гийн удирдагч Хасан Насраллаг Израил хороожээ. Сая энэ сард “Арслангуудын үндэстэн” нэртэй тусгай ажиллагаа явууллаа. Израилын армийн үзэж буйгаар цөмийн зэвсэгтэй болоход Иран тун ойртсон гэсэн бол “Reuters” агентлаг Ираныг цөмийн 15 бөмбөгтэй болох хэмжээний нөөцтэй болсон гэж мэдээллээ.
...Энэ сарын 13-ны үдэш Ираны цэргийн объектуудад өгсөн цохилтоос учирсан хохирлыг барим тавим хэлэх боломжгүй байна. Нэлээд илэрхий болсон нь Израил хэзээ яагүй цохилт өгнө гэдгээ нуухгүй байхад Иран агаарын орон зайн хамгаалалтаа сайжруулсангүй. Уг үйл явдал болсон үдэш Израилд Ираны өгсөн “Хатуу цээрлэл” хариу ажиллагаанаас шинжээчид илүү үр дүн хүлээж байсан ч санасанд хүрсэнгүй. Израилын бөмбөгдөгч онгоцнуудын нэгийг нь ч устгасан гэх мэдээлэл дуулдахгүй байна. Тэгтэл Ираны цэргийн дээд командлалын бүрэлдэхүүнээс, бас түгшүүрийн дохиогоор хамгийн түрүүнд нуувчинд орох ёстой байсан цөмийн зэвсгийн салбарын эрдэмтдээс нь хэд хэдэн сайн мэргэжилтэн амиа алдлаа. Ираны газар нутаг дээр байгаа цэргийн стратегийн объектуудад Израилын нисэх хүчин цохилт өгөөд байгаа тухай мэдээ түгсээр л байна. Ираны Тебриз дэх нисэх онгоцны буудал, Дорнод Азербайжан мужийн засаг захиргааны төв цохилтод өртжээ. Энэ нь нэг удаагийн ажиллагаа биш нь илт. Юуны түрүүнд удирдлагын систем, агаараас эсэргүүцэх, пуужин эсэргүүцэх болон хариу цохилт өгөх зэвсгүүдийг нь Израил онилсон байв. Израилын өндөр албаны хүн “Wall street Journal” сэтгүүлийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа Ираны эсрэг эхлүүлсэн Израилын энэ ажиллагаа дуусах болоогүй, 14 хоног үргэлжлүүлэхээр манай улсын удирдлага төлөвлөсөн гэж хэлжээ. Түүнээс гадна Израилын одоогийн цохилт Ираны удирдлагад өөрчлөлт оруулах, түүнийг солиход чиглэсэн байх магадлалтай байж тун болзошгүй гэж зарим шинжээч үзэж байна. Оросын улс төр судлаач Сергей Марков өөрийн бодлыг хуваалцахдаа “Иран дахь шашныхан давамгайлсан засаглалыг халах бэлтгэл эхэлж байна. Үүнд АНУ, Европ, Израил болон Арабын орнууд оролцоно. Иран хуваагдана” гэж “Telegram” сувагтаа бич¬ сэн байх юм.
Сүүлийн үеийн мэдээллээс үзвэл Ираны дээд удирдагч Али Хаменеий генерал Мохаммад Пактурыг Корпусын шинэ командлагчаар, генерал Абдулрахим Мусавыг ерөнхий штабын даргаар томилжээ. Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи НҮБ-д хандахдаа Израил “дайн зарлалаа” гэж үзэж буйгаа илэрхийлээд, үүнд анхаарлаа хандуулахыг Аюулгүйн зөвлөлд уриалав. Ираны дээд удирдагч Али Хаменей Израилд “Хатуу цээрлэл” нэртэй хариу барина гэж Израилын цохилт эхэлсэн үдэш л амласан. 15-ны өдрийн мэдээгээр бол түүний хэлснээр Израилыг “асар гамшигтай, аймшигтай тавилан” хүлээж буйг харуулах алхмаа Иран хийж эхэлжээ. Израилын зэвсгийн “Ratael” үйлдвэрт пуужингаар цохилт өгсөн гэж “Tasnin” агентлаг нь мэдээлсэн байна. ТельАвив хотын нисэх онгоцны Бен-Гурион буудал, Хайф хот бас цохилтод өртжээ. Израилд өгсөн цохилт үргэлжилж байгаа аж.
АНУ-ын байр суурийг ажиглавал Израилын талыг дэмжиж буй нь илт. Ерөнхийлөгч Дональд Трамп нь АВС агентлагийн сурвалжлагч¬ тай ярилцахдаа Ираны цөмийн зэвсгийн болон цэргийн объектуудад Израилын өгсөн цохилтыг “гайхалтай” гэж үнэлээд, “Цөмийн хөтөлбөрөөр тохиролцоо хийх боломжийг бид Иранд өгсөн ч энэ боломжийг ашигласангүй” гэжээ.
Тэрбээр Америк-Ираны хооронд цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэд хэдэн удаа яриа хэлэлцээ хийсэн ч баримт бичиг үйлдэх хэмжээнд хүрээгүй талаар бас дурджээ. “Би хоёр сарын өмнө тохиролцоонд хүрэх 60 хоногийн хугацаа Иранд өгсөн. Оройтолгүй энэ тохиролцоог хийх ёстой байсан ч тэд хүчилсэнгүй. Юу хийхийг би уг нь хэлсэн юм сан” гэж Трамп бичсэн байв
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ираны Ерөнхийлөгч, Израилын Ерөнхий сайд нартай утсаар ярьж, Иранд эмгэнэл илэрхийлж, Израилыг НҮБ-ны дүрэм зөрчлөө хэмээн буруутгаад тус хоёр улсын дипломат харилцаанд Москва зуучлагчийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн гэдгээ мэдэгджээ.
Р.Жаргалант