Иран, Израил улсад үүссэн нөхцөл байдал хурцдаж байгаатай холбогдуулан тус хоёр оронд зорчихгүй байхыг ГХЯ-наас анхаарууллаа. Израил улс Иран дахь цөмийн болон цэргийн байгууламжуудыг Энэ сарын 13-наас бөмбөгдөж эхэлсэн. Үүнээс үүдэн Тегеран, Натанз, Табриз, Исфахан зэрэг томоохон хотуудад дэлбэрэлт болж, Ираны хувьсгалт гвардын (IRGC) ерөнхий командлагч Хоссейн Салами, Цөмийн судалгааны газрын захирал Ферейдоун Синаи тэргүүтэй улс төрийн болон цэргийн нөлөө бүхий албан тушаалтнууд, цөмийн зургаан физикч амиа алдаад буй. Өчигдрийн байдлаар Иранд 224 энгийн иргэн, Израилд 24 хүн амиа алдсаныг мэдээлсэн. Мөн уг цохилтод Ираны баллистик пуужингийн үйлдвэрүүд, цэргийн бааз, командын байрууд өртжээ. Хоёр улсын зөрчил цаашдаа ч үргэлжлэх төлөвтэй байгаа аж. Учир нь Иран Израилд хариу цохилт өгөхөөр төлөвлөж буйгаа мэдэгдсэн. Иймд манай улсын ГХЯ-наас иргэддээ сэрэмжлүүлэг хүргэлээ. Израил, Иранд оршин суугаа, эх орон луугаа буцах хүсэлтэй монгол¬ чуудыг +976-83042222 дугаарын шуурхай утас болон consul@mfa.gov.mn цахим шуудангаар тус яамтай холбогдохыг зөвлөв. Мөн Бүгд Найрамдах Турк Улс дахь Монголын Элчин сайдын яамтай +905340128408 дугаарын шуурхай утас, ankara@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдох боломжтойг хэлэв.
Ц.Аюуш