Олимпын эрх гардсаныхаа дараахан тэрбээр “Надад дахин боломж олгосон хүмүүсийн итгэлийг алдаагүйдээ баяртай байна. Олимпын наадамд хичээж барилдах болно” хэмээн өгүүлж байв. Түүнийг үзэгчид мэхэндээ даацтай, хав золгосон босоо барилдаанд сайн. Хөл мэхийг чадварлаг хийдэг, өвөрмөц барилдаантай хэмээн ярьдаг. Түүний хувьд 2022 он аз, амжилт далласан жил байв. Насанд хүрэгчдийн ДАШТ-д анх удаа оролцохоор Сербийн Белград хотыг зориход тив, дэлхийн шилдгүүдийг илүүрхэж, шагналын тавцанд зогсоно гэж хэн ч төсөөлөөгүй биз. Тэндээс эх орондоо мөнгөн медальтай ирж, дэлхийн медальтнуудын эгнээнд багтсан, “Аврагч” биеийн тамир, техник спортын хорооны тамирчин, Ази тивийн мөнгөн медальm түүнийг зочноор урьж ярилцлаа.
-Эх орондоо зохион байгуулсан чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2025”-д түрүүлж, аварга болсонд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Тэмцээн бүр онцлогтой болдог. Энэ удаа танд ямар мэдрэмж төрүүлэв?
-Юуны өмнө намайг урьж, спортод дуртай уншигчидтайгаа уулзуулж байгаад баярлалаа. Дэлхийн чансааны оноо олгох тэмцээн өндөр зохион байгуулалттай том болж өндөрлөсөн. Тус тэмцээнд тамирчдаа оролцуулсан Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд болон надад тусалж, дэмжсэн хүмүүст талархаж буйгаа илэрхийлье. Оролцсон тэмцээнүүдээ эргээд бодоход дурсамж, сургамж, алдаа оноо, баяр гуниг, харамсал аль алийг нь үлдээсэн байдаг юм. Миний хувьд таагүй санагдсан зүйлүүдийг өнгөрсөн цаг хугацаанд нь үлдээгээд, алдаагаа засаж дахин давтахгүйг хичээдэг.
-Та 55 кг-ын жинд зодоглохдоо Монголын багийн эхний алтан медалийг авчирч, тамирчдадаа урам зориг өгсөн. Нутгийнхаа дэвжээнд элэг нэгт тамирчин, улсын хошой аварга Б.Отгонтуяатай таарах амаргүй л харагдсан. Та хоёрын хувьд нэгнийхээ арга барил, техникийг мэднэ шүү дээ.
-Багийнхаа салхийг хагалж, түрүүлсэндээ сэтгэл өндөр байна. Тэмцээн эхлэхээс хэд хоногийн өмнө бэлтгэл хийхдээ өөрийн бодож буй зүйл, жингийнхээ бөхчүүдтэй хэрхэн барилдах талаар багштайгаа сайтар ярилцсан. Дэвжээнд гарахад анхаарах зүйлийг минь хэлдэг болохоор барилдааны үед багшийгаа аль болох тайван байлгахыг бодсон.
-Бөхчүүд жингийнхээ хүчтэй өрсөлдөгчидтэй тэмцээнд таарах тохиолдол цөөнгүй. Аваргын төлөөх барилдаанд Энэтхэгийн тамирчин Пушпа Пушпагийн давуу тал болон сул талыг нь тооцоолж гарсан биз?
-Миний хүч сорьдог жин дотооддоо төдийгүй дэлхийд өрсөлдөөн ихтэй. Би дэвжээнд гарсан тохиолдолд хүнд бодлоор өөрийгөө ачаалахыг хүсдэггүй. Юу ч бодохгүйгээр мэдрэмжээрээ л барилдана. Хэнтэй ч таарсан давуу талыг нь барилдааны өмнө заавал судалдаг. Ямар ч тэмцээнийг медальтай өндөрлүүлэх гэдэг тамирчин хүний хувьд том амжилт. Миний хувьд зорьсон зүйлүүдийнхээ нэгийг биелүүлсэн гэж бодож байгаа. Тамирчин хүнд ялалт бүхэн нь үнэ цэнтэй ирдэг. Гэхдээ эрч хүч өгдөг, харахаар л тухайн тэмцээнийг өөрийн эрхгүй бодогдуулдаг медаль гэж бий. Тэр бол аваргын төлөөх барилдаан. Дэвжээнд хүчтэй өрсөлдөгчөө ялж, сэтгэл догдолж зогсох мөч хамгийн сайхан.
-Таны барилдааныг гэрийнхэн тань сэтгэл догдолж үзсэн болов уу. Алтан медаль хүртэхэд хамгийн их баярласан гэж бодож байна.
-Гэрийнхнээс минь гадна хамаатан садны ах дүүс, ойр дотнын найз нөхөд гээд намайг ойлгодог олон хүн бий. Дэвжээнд барилдаж буй хүнээс үзэж байгаад нь их хэцүү санагддаг гэсэн. Миний дүү Б.Анударь чөлөөт бөхөөр хичээллэдэг. Надад бол өөрөө барилдахаас илүү дүүгийхээ барилдааныг харах хэцүү санагддаг.
-Сербид болсон “Белград-2022” ДАШТ-ээс мөнгөн медальтай ирж, бөхийн хорхойтнуудыг баярлуулсан.Тэр тэмцээнд алтан медалийн төлөө АНУ-ын тамирчин Пан Америкийн аварга Доминик Пэрришт 4:2-оор ялагдсан шүү дээ. Уг нь танд түүнийг ялах боломж харагдаад л байсан. Дараа дахин таарвал хэрхэн барилдах талаар судлах байлгүй.
-Белград хотод 2022 онд болсон ДАШТ-д Шведийн бөхтэй хэсгийн аваргын төлөө барилдаж 6:0-ээр хожигдож яваад цэвэр дарж ялаад аваргын төлөө барилдах эрхтэй болсон юм. Хожигдож явахад надад юу ч бодогдоогүй. Гараа өргүүлэх үед л их баярласан. Гэхдээ маргааш нь аваргын төлөө барилдах байсан тул өөрийгөө барьсан. Болоогүй шүү гэж ч их бодсон. Аваргын төлөө барилдахдаа би өөрөө нэг мэх бодож хийснээс болж, хоёр оноо алдаж хожигдсон. Түүнээс хойш ер нь бодож мэх хийхээ больсон доо. Пан Америкийн аварга Доминик Пэрриштэй Парисын олимпод дахин таарч, даагаа нэхэж барилдаад хожсон.
-Спортын талбарт дасгалжуулагч, тамирчин аль аль нь судалгаа хийж урагшилдаг гэдэг үг бий. Та багштайгаа хамгийн сүүлд ямар судалгаа хийв?
-Багш нартаа санаа бодлоо хэлж, аль болох ойр байхыг боддог. Үнэнийг хэлэхэд, би тэдний хүүхэд шиг нь л байдаг юм. Ганцхан бөх барилдахад ч биш, ажил, амьдрал дээр ч тэд минь аав, ээжээс минь өөрцгүй хайрлаж, хамгаалдаг. Энэ ташрамд, амжилтад хөтөлсөн З.Дүвчин, Х.Маг¬вандорж багш нартаа баярлаж явдгаа уламжилъя.
-Манай тамирчид одоо ямар тэмцээнд оролцохоор бэлтгэл базааж байна вэ?
-Ирэх сарын дундуур дотоодын томоохон сорилго тэмцээн болно. Тус тэмцээнд түрүүлсэн тамирчид намар ДАШТ-д зодоглох эрхээ авах юм.
-Аавыг тань хурдан морины уяач гэж дуулсан. Наадам дөхөхөөр сойсон морьдыг нь харж, хэр давхих бол гэж сэтгэл догдолдог уу?
-Миний аавыг Шагдарын Батхуяг гэдэг. Аймгийн алдарт уяач. Би морь унах дуртай. Аав минь охидоо хайрлаад морь унуулдаггүй. Харин зуны халуун нартайд өвлийн хүйтэнд ч цаг агаар хамаарахгүй морьдоо хөтөлж, өдөржин тойруулдаг байсан. Тиймээс их тэвчээртэй, юмыг олон талаас нь боддог болсон гэж боддог. Бид аавынхаа сойсон бүх насны моринд их хайртай. Наадмын өглөө их гоё шүү дээ. Эрт босож, бүх ажлаа амжуулаад наадам үзэхээр явна. Морьдоо л харах гээд яарч байгаа нь тэр. Хол зам туулаад барианд орж байгаа морь, хүүхэд хоёрыг хараад хайрлаж омогших, бас өрөвдөх зэрэгцээд өөрийн эрхгүй уйлчихдаг. Хурдан морины уралдахыг харсан монгол хүн бүрд ийм мэдрэмж төрдөг байх.
-Чөлөөт бөхийн ертөнцөд их сонин тохилдлоор хөл тавьсан гэл үү. Аав, ээж нь охидоо бөхөөр хичээллэхэд хэр дуртай хүлээж авсан бол?
-Өвөө минь үндэсний бөхөөр барилддаг, аймгийн хурц арслан цолтой. Би багадаа бөх гэж юу байдгийг мэдэхгүй хэрнээ бөх болно л гэж боддог сон. Хүүхэд байхын их хөдөлгөөнтэй, сахилгагүй. Манай аймагт чөлөөт бөхийн дугуйлан байгаагүй тул би хөнгөн аклетикийн дугуйланд явдаг байв. Тэгсэн нэг өдөр хөрш айлын охин бөхийн спортоор хичээллэж буйгаа дуулгаж, намайг дагуулж яваад Х.Магвандорж багштайгаа уулзуулсан. Тэр өдрөөс өнөөг хүртэл багшийнхаа улирдлагад бэлтгэлээ базааж байна.
Манайхан намайг барилдана гэхэд эхэндээ нэг их их дэмжээгүй. Удалгүй дүүргийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн болоход барилдахыг минь зөвшөөрлөө. Ингэж л спортын гараагаа дүүргийн тэмцээнээс эхлүүлж билээ. Дүү минь намайг харж, барилдах сонирхолтой болсонд баярладаг. Бид бэлтгэл хийх, тэмцээнд оролцоход нэгэндээ нөмөртэй. Алдаа, оноогоо нээлттэй ярилцана. Бидэнд сайхан сэтгэлээр тусалдаг хүмүүсээ догдолтол нь баярлуулахыг хүсдэг.
-Эцэг, эх үр хүүхдийнхээ төлөө үргэлж санаа зовнидог шүү дээ. Тэмцээнтэй өдөр хоёр охиндоо юу гэж зөвлөдөг вэ?
-Манайх хөдөө амьдардаг. Зун сүлжээгүй газарт зусдаг юм. Аав өдөр бүр уулан дээр гарч, бидэнтэй холбогддог. Аав, ээжийн гар утсанд дүү бид хоёрын барилдааны бичлэг байдаг юм. Тэд минь үзэхдээ инээж, бас уйлж янз бүр болдог гэсэн. Аав, ээжийнхээ ачийг хариулж барахгүй ч санааг нь зовоохгүй зөв хүн байхыг хичээдэг.
-Дүүгээ бэлтгэл хийж, тэмцээнд оролцоход нь юу гэж захиж, зөвлөдөг вэ?
-Бие халаалт маш чухал. Тиймээс биеэ сайн халааж, тэмцээнд оролцохыг захидаг. Эрүүл Б.ХУЛАН: Парисын дэвжээнд тамираа тасартал үзэх байсан юм гэж их харамссан явахад боломжгүй зүйл гэж байхгүй санагддаг. Багштайгаа сайн ярилцаж, ойлголцох хэрэгтэй гэж байнга зөвлөх дуртай. Бид дандаа хамт байдаг болохоор нэгэндээ тэгтэл их санаа зовдоггүй.
-Хааяа спортоос өөр зүйлд зав гаргадаг уу. Хамгийн сүүлд ямар ном уншиж, кино, нэвтрүүлэг үзэв?
-Амралтын өдрөөр хөдөө явахдаа уул, ус харах дуртай. Миний хувьд олон зүйл туршиж үзэх сониуч зантай. Огт хийж байгаагүй зүйл шинээр сурахыг хүсдэг. Хамгийн сүүлд “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлгийг үзээд бүжиглэж сурмаар санагдсан. Надад боломж олдвол энэ нэвтрүүлэгт оролцохыг хүсдэг. Чөлөөт цагаараа спортод амжилт гаргасан аваргуудын подкаст ярилцлагыг сонирхож сонс-дог. Хүүхэд байхаасаа аварга болтлоо тэдний хөдөлмөрлөсөн хичээл зүтгэл, мөн юу бодож, юуг их мэдэрдэг байсан нь сонирхолтой санагддаг юм. Сүүлийн үед хувь хүний хөгжлийн подкаст их сонсдог болсон. Хамгийн сүүлд дотоод хүчний тухай ном уншлаа.
-Тамирчид бэлтгэл, тэмцээн гэж явсаар цөөн найзтай үлддэг юм билээ. Амьдрал, спорт, сургууль, сурагч байх үеийн найзуудтайгаа ойрд уулзаж, ямар сэдвээр яриа өрнүүлэв?
-Арван жилийн сурагч байх үеэс нөхөрлөсөн найзууд бий. Тэдэнтэйгээ уулзалгүй уджээ. Барилддаг найз ч цөөнгүй. Бид өдөр бүр уулздаг. Бэлтгэлийн эгч нартайгаа яг л найзууд шиг байдаг. Миний үзээгүйг үзэж, туулаагүйг туулсан болохоор эгч нараасаа их зүйл суралцдаг юм.
-Франц улс, Парисын олимпын наадам ямар сэтгэгдэл төрүүлж, дурсамж үлдээснийг сонирхуулаач. АНУ-ын бөх Доминик Парришийг хожиж, ялалт байгуулснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Харин БНХАУын бөх Панг Чианютай хүрэл медалийн төлөөх барилдаанд даралтаар цэвэр ялагдаж олимпын наадмын шагналт V байрт шалгарахыг тань зурагтаар үзэж байлаа. Тэдэнтэй өөр тэмцээнүүдэд дахин таарав уу?
-Миний хувьд олимпын наадамд оролцохоор сэтгэл зүй болон бэлтгэлээ маш сайн хангасан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд өөртөө итгэлтэй байлаа. Гэвч төлөвлөсөн бүхэн санаснаар болоогүй. Өөрөө мэх хийж байж дээшээ хараад хожигдсондоо огт итгээгүй. Тэр үед Парисын дэвжээнд тамираа тасартал үзэх байсан юм гэж их харамссан. Гэхдээ зүгээр ээ. Одоо тэр бүхэн бодогдохоо больсон. Намайг өөр олон том тэмцээн хүлээж байна. Тиймээс алдаагаа дахиж давтахгүй.
-Танд биелүүлээгүй зүйл бий юү. Нууц биш бол дараагийн зорилгоосоо сонирхуулаач?
-Зорьж буй олон зүйл бий. Түрүүчээс нь хэрэгжүүлж байгаа. Чөлөөт бөхөөр хичээллэдэг дүү нартаа хандаж “Бие халаалтаа өөртөө зориулж сайн хийх нь чухал. Бэлтгэл хийх өдрөө өнөөдөр юу хийх вэ, юун дээр ажиллах вэ гэж сайтар бодож байгаарай. Шинээр сурсан зүйлсээ дэвтэрт заавал бичиж тэмдэглэх нь зөв. Өнөөдөр хийсэн бүхнээ 10 жилийн дараа харахад маш гоё байдаг шүү. Чөлөөт бөхөөр олон хүүхэд хичээллэж, олимп, дэлхийн аварга цолтон төрөх болтугай” гэж хэлье.