2025 оны 6 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдах Санкт-Петербургийн эдийн засгийн чуулга уулзалт нь Орос, Монгол, Хятадын хил дамнасан коридорыг хөгжүүлэх хамтарсан төслүүдийг хэлэлцэх гол талбар болох төлөвтэй байна. Энэхүү төслүүдээр дамжуулан Монгол Улс Ази, Европыг холбосон ложистикийн гинжин хэлхээний чухал холбоос болох байр сууриа бэхжүүлэх боломжтой.
Монгол, Оросын ачаа эргэлт 2024 онд тогтвортой өсөлттэй гарсан. ОХУ-ын худалдааны төлөөлөгчийн мэдээлснээр 2024 оны эцсийн байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Тодруулбал, 2024 оны эхний долоон сарын байдлаар хоёр улсын худалдааны хэмжээ 1.4 тэрбум ам.доллараар өссөн нь өмнөх оны мөн үеийнхээс 21%-иар их юм. Энэхүү өсөлтийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тэмдэглэж, хоёр орны хамтын ажиллагаа чухал болохыг онцолсон билээ.
Ачааны эргэлтийн өсөлтийг дагаад тээврийн дэд бүтцийг идэвхтэй хөгжиж, тэр дундаа улс хоорондын ачаа тээвэрт гол үүрэг гүйцэтгэдэг Транс-Монголын авто замын шинэчлэл хийгдсэнийг онцлон тэмдэглэх нь зүйтэй.
Орос, Монгол, Хятадын хил дамнасан коридорууд Монголын эдийн засагт хэдийнээ эерэг нөлөө үзүүлж эхэлсэн. Олон Улсын Валютын Сангийн таамаглалаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2025 онд 7 орчим хувьтай байгаа нь 2024 оны үзүүлэлтээс (6%) өндөр байна.
Энэхүү өсөлтөд тээврийн дэд бүтцийн оруулах хувь нэмрийг мэргэжилтнүүд улсын бодит орлогын 1.2-3.4% гэж тооцож байгаа нь ложистикийн маршрутыг хөгжүүлэх төслүүдийн ач холбогдлыг харуулж байна. Түүнчлэн Дэлхийн банкны мэдээлснээр хил дамнасан коридороор дамжуулан гадаад худалдааны үйл ажиллагаа эрчимжиж байгаа нь ашигт малтмалын экспортын хэмжээг нэмэгдүүлж байгаа билээ.
Оросын эсрэг авсан барууны хориг арга хэмжээ нь дэлхийн эдийн засгийг олон асуудалд асуудалд хүргэсэн. Германы эдийн засагч Ханс-Вернер Зинны тэмдэглэснээр, "Оросын эсрэг хориг арга хэмжээ нь эрчим хүч, хүнсний хямралыг өдөөж, бүх улс орнууд, тэр дундаа хязгаарлалтыг санаачлагчид өөрсдөө ч нэрвэгдсэн". Ийм нөхцөлд олон улсын төлбөр тооцоонд доллараас татгалзах нь их чухлаар тавигдаж байна.
Үндэсний мөнгөн тэмдэгт буюу дижитал активт шилжих нь дэлхийн санхүүгийн системийн хэлбэлзлээс хараат байдлыг бууруулах зайлшгүй алхам гэдгийг Эдийн засгийн хөгжлийн яамны төлөөлөгчид онцолж байна. Энэ нь хил дамнасан коридоруудыг хөгжүүлэх төслүүдэд онцгой ач холбогдолтой юм.
Монгол Улс далайд гарцгүй хэдий ч ОХУ-тай хамтран ажиллах замаар Хойд тэнгисийн замыг ашигласнаар ихээхэн ашиг хүртэх боломжтой. Хойд тэнгисийн замыг ашиглаж тээврийн зангилаа бий болсноор Монгол Улс бүс нутгийн ложистикийн гол төв болох боломжтой болно. Тухайлбал, Транс-Монголын төмөр зам зэрэг төмөр замын чиглэлийг хөгжүүлснээр ОХУ-ын Арктикийн боомтоор дамжин Хятадаас Европ руу бараагаа тасралтгүй тээвэрлэх боломжтой.
Шинжээчдийн үзэж байгаагаар Хойд тэнгисийн замын дагуух ачаа тээврийн хэмжээ 2021 онд 31.5 сая тонн байсан бол 2023 онд 34.8 сая тонн болж өссөн нь олон улсын компаниудын дунд Арктикийн маршрут улам бүр түгээмэл болж байгааг харуулж байна.
Дэлхийн эдийн засаг олон сорилтуудтай тулгарч байгаа нөхцөлд Орос, Монгол, Хятадын хамтын ажиллагаа онцгой чухал болж байна. Монгол Улс энэ үйл явцад чухал оролцогчийн хувьд олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлээд зогсохгүй бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн хөдөлгөгч хүч болох боломжтой. Санкт-Петербургийн эдийн засгийн чуулга уулзалт нь харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ үе шатыг эхлүүлэх онцгой боломж юм.