Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгуулага (ЖАЙКА)-гийхантай хамтран сансрын технологи, дроны хууль, эрх зүйн орчны мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхээр төлөвлөж буй гэнэ. Үүний хүрээнд манай улсын мэргэжилтнүүдийг Японд бэлтгэхэд ЖАЙКА-гаас дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлжээ.
ЖАЙКА нь манай улсад эмнэлгийн тусламж үйлчилгээний хүргэлтийг дроны тусламжтайгаар хийх боломжийг судалж, цус тээвэрлэх дроны анхны нислэгийг 2023 оны арваннэгдүгээр сард хийсэн гэнэ.
Өмнө нь Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, ЖАЙКА, ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль, Удирдлагын академи хамтран кибер аюулгүй байдлын хүний нөөцийг хөгжүүлэх техникийн хамтын ажиллагааг 2023 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлжээ. Үүний хүрээнд 14 удаа сургалт, семинар зохион байгуулж, нийт 280 гаруй албан хаагчийг чадавхуулж, кибер халдлага зөрчил, гэмт хэргийн талаарх иргэдийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх зорилгоор 16 видео контент бүтээж олон нийтэд түгээсэн байна. Цаашид ШУТИС-тай хамтран кибер аюулгүй байдлын сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулж, төрийн албан хаагчдын мэдээллийн аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хөтөлбөр боловсруулах аж.
Б.ЭНХЗАЯА