Улаанбаатар хотын ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг хахуулийн хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж эхэлсэн бөгөөд хилийн хориг тавьж, нөхрийг нь цагдан хориод буй. Тэгвэл хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлийн ерөнхий архитектороор Б.Батцолмонг томилжээ. Шинэ архитектор Б.Батцолмон нь Д.Сумъяабазарыг нийслэлийн удирдлага байх үеэс хотод албан тушаал хашиж, 2020-2023 онд Хот байгуулалт, хөгжлийн газарт ахлах мэргэжилтэн, 2024 оноос Хот байгуулалт, хотын стандартын газарт хэлтсийн даргаар ажиллаж байсан нэгэн аж.
Хот байгуулалтын тухай хуульд эрх, үүргийг нь тусган оруулсан мэргэжлийн ганц албан тушаал бол хотын архитектор юм. Аймаг, нийслэлийн ерөнхий архитекторыг өмнө нь Засаг дарга нар бүрэн эрхийнхээ хүрээнд томилдог байсан бол 2021 онд Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар нээлттэй сонгон шалгаруулалт болон сонсголд үндэслэн томилох нөхцөл бүрдсэн билээ. Гэтэл хотын удирдлагууд энэ хариуцлагатай албан тушаалд очих хүмүүсийг нээлттэй сонгон шалгаруулалтаар бус, “сонсголд үндэслэсэн” дүр үзүүлэн өөрийн тааллаар томилсоор өнөөдрийг хүрлээ. Өдгөө хахуулийн хэрэгт холбогдоод буй архитектор асан Ч.Төгсдэлгэрийг гэхэд өмнөх Х.Нямбаатар дарга “урьж залж” авчирсан юм. Харин Б.Пүрэвдагва дотроосоо ийн томилгоо хийлээ.
Ж.Сувд