Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарынхан ажил хаяхад хүрсэн талаараа өнгөрсөн баасан гарагт мэдээллээ. Тодруулбал, тус салбарынхан ажил олгогч болох Эрчим хүчний яамтайгаа цалин нэмүүлэх асуудлаар урт хугацаанд хэлэлцэж байгаа ч тохиролцоонд хүрч чадахгүй байгаа аж. Тиймээс энэ сарын 30-ны өдрийн 08.00 цагаас ажил хаялтыг эхлүүлэхээ мэдэгдлээ. Гэхдээ ажил хаялтыг эхлүүлмэгц айл өрх, аж ахуйн нэгжүүдийг цахилгаан, дулаанаар хангахгүй гэсэн үг биш гэнэ. Шаардлагатай ажил үүргийг хэвийн үргэлжлүүлэхээр дотоод зохицуулалт хийж ажиллахаар болжээ. Энэ хугацаанд Эрчим хүчний яамнаас ажилтан, ажилчын эрх ашгийг хангах, цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжит хувилбаруудыг танилцуулах хэрэгтэй гэсэн шаардлага тавьж байгаа аж. Эрчим хүчний салбарын 28 байгууллагын 6600 гаруй ажилтан санал асуулгад оролцсоноос ажил хаях саналыг 90-ээс дээш хувь нь дэмжжээ.
С.Дулам