Монгол Улс анх удаа сэргээгдэх эрчим хүч ний аукцион (нээлттэй дуудлага худалдаа) зохион байгуулж, таван байршилд нарны цахилгаан станцын төслийн бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчдийг сонгон шалгаруулжээ. Тодруулбал, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн бие даасан үйлдвэрлэгчийг нээлттэй дуудлага худалдааны зарчмаар сонгож эхэлснээр бодит үнийг тогтоох тогтолцоо руу шилжиж буйг салбарынхан онцлов. Эрчим хүчний яамнаас зохион байгуулсан анхны аукционы үр дүнд нарны 220 МВт-ын цахилгаан станц, 135МВт/440 МВт.цагийн хүчин чадалтай батарей хуримтлуурын төслүүд таван байршилд хэрэгжихээр болж байна. Тухайлбал, Булган аймаг дахь 50 МВт-ын төсөлд “Магнус сентурион констракшн” болон “Zhejiang chint new energy development”-ийн түншлэл 5.95 цент/кВт.цаг, Говьсүмбэрийн Чойр дэд станцад холбогдох төсөлд “Алхана трейд” 6.65 цент/кВт.цаг, Дундговь аймгийн Мандал дэд станцын ажилд “Smart natural energy” 4.85 цент/кВт.цаг, харин Өвөрхангайн “Хархорин” төсөлд “Монхорус интернэшнл” 5.75 цент/ кВт.цаг, Хэнтийн 20 МВт-ын бүтээн байгуулалтад “RJE Мongolia” түншлэлээр 7.80 цент/кВт.цагийн үнийн саналаар шалгарчээ.
Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний таван байршилд төсөл хэрэгжүүлэх эрхийн төлөө нийт 19 оролцогч өрсөлдсөн. Нээлттэй дуудлага худалдаанд шалгараагүй оролцогчдын дэнчинг ажлын таван өдрийн дотор буцаан олгох аж.
Д.Хэрлэн