Үндэсний шигшээ болон “Улаанбаатар амазонс” багийн тоглогч О.Хулан энэ улирлаас эхлэн БНХАУ-ын Үндэсний дээд лиг буюу WCBA-ийн “Wuhan shengfan” багт тоглох нь. Монголын сагсан бөмбөгийн спортын түүхэнд эмэгтэй тамирчин анх удаа гадаадын томоохон лигт тоглохоор болсон нь энэ. О.Хулангийн хувьд хамгаалагч, довтлогчийн байрлалд тоглодог. Тэрбээр “Токио-2020” олимпын наадамд өрсөлдөж, Монголын багийн тугчаар сонгогдсон шилдэг тамирчдын нэг юм. Түүнчлэн 2017 оноос мэргэжлийн тамирчны гараагаа эхлүүлсэн О.Хулан өдгөө дэлхийд чансаагаараа 187 дугаарт бичигдэж байна.
БНХАУ-ын Ухань хотноо өнгөрсөн зургаадугаар сард зохион байгуулсан “FIBA 3x3 Wuhan women series” тэмцээнд О.Хулан оролцож, хэсгийн тоглолтуудын дараах байдлаар бүх тоглогчийг тэргүүлжээ. Улмаар эл хотын багийн анхаарлын төвд орж, Үндэсний дээд лигт нь тоглохоор болсон аж.
БНХАУ-ын Үндэсний дээд лиг болох WCBA нь арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт нээлтээ хийж, хоёрдугаар сарын сүүлийн долоо хоногт өндөрлөдөг уламжлалтай. Эмэгтэйчүүдийн лигт нь 19 баг өрсөлддөг юм байна. Баг тус бүр 36 удаа тоглосны дараа хамгийн өндөр амжилт үзүүлсэн 12 нь хасагдах шатанд шалгардаг аж. “Wuhan shengfan” багийн хувьд өнгөрсөн улиралд 10 хожиж, 26 ялагдсан үзүүлэлтээр лигтээ 14 дүгээрт жагсжээ.
У.ЦЭЦЭГСҮРЭН