Төв талбайд гурван хоногийн зайтай хоёр жагсаал болж өнгөрөв. Үүнд үзүүлж буй Засгийн газрын хариу үйлдэл эрс тэс ялгаатай байлаа. Эхний жагсаалыг Эрх чөлөөний эвсэл намаас нэгдүгээр сарын 11-22-ны хооронд хийсэн юм. “Засгийн газар огцор” нэртэй уг жагсаалаас ямар нэг үр дүн гараагүй. Харин удаахыг нь уяачид, малчдын төлөөлөл нэгдүгээр сарын 25-нд зохион байгуулж, өвлийн морин уралдааныг сэргээхийг шаардсан билээ. Өөрт нь халтай жагсаалыг хана хэрэм мэт эсэргүүцсэн атлаа эрх ашигт нь нөлөөлөх цуглаанд манай Ерөнхий сайд маш хурдан хариу үйлдэл үзүүлдэг аж. Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, жагсах цуглах эрхийг ялгаварлаж, хоёр өөрөөр хандсан гэсэн үг. Ингэхдээ хамгийн гол нь Монгол Улсын нэгдэн орсон хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой олон улсын гэрээ, конвенцуудыг зөрчлөө.
Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх юу болов
Эрх чөлөөний эвсэл намынхан утаа, түгжрэл, татвар, ажилгүйдэл, авлига өсөн нэмэгдэж буйг эсэргүүцэн жагссан юм. Тэдний зорилго нь Засгийн газрыг огцруулах явдал байв. Нэгийг нөгөөгөөр солиод үр дүн гарах уу гэсэн асуултад зохион байгуулагчид “Ажил хийж чадах хүнийг нь тавих хэрэгтэй. Тэр нь чадахгүй бол ахиад соль. Сайжиртал нь л сольж, шаардаж байж эрх баригчид чадвартай хүнийг томилдог жишиг тогтоно” гэсэн тайлбар өгсөн. Эл жагсаал эхлэх сургаар л хамтарсан Засгийн газрын зүгээс өөрсдийгөө хамгаалах цуврал арга хэмжээ авсан билээ. Гадаадын санхүүжилтээр явуулга хийж, төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан хэмээх шуугиан тараах гэсэн ч нэг их амжилт олоогүй. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө “Уг жагсаалыг П.Цагаан, түүний хүү болон дотоодын цэргийн командлагч Р.Чингис, дүү Р.Саруул нар санхүүжүүлж байгаа” гэж мэдэгдсэн. Жагсаалыг эсэргүүцэх жагсаал зохион байгуулж, тэд нар нь “Засгийн газрыг огцруулах хэрэггүй, ажлыг нь хийлгэ” хэмээн уриаллаа. Бас жагсаал зохион байгуулагчдын биед халдаж, уриа лоозонг нь урж тасдахаас эхлээд эрхэд нь халдсан. Нөгөө талд нь УИХ-ын гишүүдийн зүгээс хэн нь ч Засгийн газрыг огцруулах үйлдэл хийсэнгүй. Сөрөг хүчнийхэн ч Засгийн газарт нэгдээд амаа үдүүлэв. Өөрийнх нь эсрэг дуугарах хүнгүй болгож уусгах бүх л арга хэмжээг Ерөнхий сайд ийнхүү амжилттай авсан тул суудалдаа үлдэж чадсан. Гэхдээ хамгаалах тактик нь үргэлжилж, Эрх чөлөөний эвсэл намын дарга Б.Цацралын ажилладаг аж ахуйн нэгжид дарамт, шахалт үзүүлэн нэгжлэг хийсэн гэнэ. Энэ тухай тус намын албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ. Улмаар нэгдүгээр сарын 29-нд түүнийг ажлаас нь чөлөөлсөн юм байна. Үзэл бодлоо илэрхийлэн тэмцвэл ийм төгсгөлтэй байдаг гэсэн “сануулга” бололтой.
Гэхдээ энэ бүхний ард эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн хэвээр үлдлээ. Асуудал байгаа учраас иргэд жагссан, эсэргүүцсэн. Үүнийг тоолгүй өнгөрвөл эрх мэдэлдээ удаан тэсэхгүй гэдгийг Ерөнхий сайд мэдэх учиртай. Засгийн газраас байгуулсан утаа, түгжрэлийг бууруулах штаб дээрх жагсаалтай зэрэгцэн хуралдаад л байсан. Бүтэн сар өнгөрлөө, одоо ямар шийдэл гаргах вэ. Иргэд хүлээсээр байна.
Уяачид ба улс төрчдийн холбоо
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон 57 дугаар тогтоолыг Засгийн газар 2019 онд Дээд шүүхийн шийдвэрийн дагуу баталсан байдаг. Энэ нь унаач хүүхдийн эрх, эрүүл мэнд, амь насыг хамгаалах зорилготой байлаа. Харин хамтарсан Засгийн газар нэгдүгээр сарын 29-ний өдрийн ээлжит хуралдаанаараа эл тогтоолыг цуцалж, жагсаж буй иргэдээ хүсвэл сонсож, хурдан шуурхай шийдвэр гаргаж болдгийг харуулав. Эрхийг нь орон нутагт өгч, өөрөөсөө холдуулаад, ингэхдээ 12-оос дээш насны хүүхэд морь унаж уралдахыг зөвшөөрсөн. Ийнхүү хүүхдийн эрхийг хамгаалах томоохон шийдвэрээсээ Засгийн газар ухарсан юм. ХЭҮК, НҮБ-ын Хүүхдийн сангаас эл шийдвэрт нь харамсаж буйгаа илэрхийлж, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг уриалжээ. НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан мэдэгдэлд “Хурдан морины уралдаан нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулдгийг санан, Монгол Улсын Засгийн газрыг 18-аас доош насны хүүхдийг жилийн аль ч улиралд хурдан морь унуулж уралдуулахгүй байхыг хууль тогтоомж, зохион байгуулалтын үйл ажиллагаандаа тусган, шаардлагатай бүхий л арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлнэ гэдэгт НҮБ гүнээ найдаж байна” гэжээ. Манай улс НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт зэрэг олон улсын хүний эрхийн тухай суурь гэрээ, конвенцод нэгдсэн. Гэхдээ шийдвэр гаргахдаа энэ бүхнээ “санасангүй”.
Эл үйлдлээрээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Дээд шүүхийн шийдвэрийг үл тоож, олон улсын өмнө хүлээсэн үүргээсээ ухрав. Хил дотроо хөл, толгойгоо хольж, дураараа дургиад байх эрхтэй хэмээн эндүүрэх хэрэггүй. Бид дэлхийн улс орнуудтай гадаад харилцаагаа хөгжүүлж, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа биелүүлэхгүйгээр соёлт хүн төрөлхтөнтэй зэрэгцэн оршин тогтнохгүй. Тэгэхээр гаргасан шийдвэрээ одоо олон улсад юу гэж тайлбарлах вэ, Ерөнхий сайд аа.
Ийм том эрсдэл үүрэн байж уяачдын шаардлагыг шуурхай хүлээн авсны учир юу вэ. Улс төрчид дунд хурдан морь уядаг нэртэй хүн олон. Тэдний хөрөнгө, орлогын мэдүүлгээс хэн хэн хурдан адуутайг мэдэж болно. УИХ-ын эмэгтэй гишүүдийн зүгээс уяачид улс төрчдөд нөлөө ихтэйг мэдэгдэж, хүүхдийн эрхийг зөрчсөн шийдвэрээ эргэж харахыг шаардсан билээ. Гишүүн Х.Баасанжаргал “Хаврын морин уралдааныг 2004 оноос хийж эхэлсэн, 15 жилийн л түүхтэй. Үүнийг өв соёл гэтлээ андуурах хэмжээнд хүрсэнд улс төрчид буруутай. Тэдний оролцоо хүчтэй байна. Мөн хоёр удаагийн шүүхийн шийдвэр гарсан байхад орон нутагт хууль зөрчин, уралдаан хийсээр ирсэн. Энэ нь бас л улс төрчидтэй холбоотой” гээд сонгуульд ялахыг хүсвэл уг уралдааныг сэргээх шаардлагыг уяачид тавьдгийг ярина лээ. Хүүхдээр зэрлэг цэнгэл хийх улс төрчдийн хүсэл, морины бизнес тойрсон эрх ашиг, улиран сонгогдох хүсэл нь Монгол Улсын нэгдсэн олон улсын гэрээ, конвенц, гадаад нэр хүндээс хүчтэй байдгийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар баталсан нь энэ.
Мөн Засгийн газрын дээрх шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл хэмээн зарим хуульч үзэж байна. Өөрөөр хэлбэл, Дээд шүүхийн шийдвэр эцсийнх байна, хуультай дүйн үйлчилнэ гэсэн Үндсэн хуулийн зарчмыг зөрчсөн гэжээ. Тэгэхээр хамтарсан танхим огцрох болзлоо өөрөө хангасан уу. Үндсэн хуулиа мөрддөггүй, олон улсын өмнө нэр нүүрээ барж буй Засгийн газар огцрох ёстой гэсэн байр суурийг нийгмийн сүлжээнд ч хүмүүс илэрхийлж эхэлжээ. Иргэдийн угаас буцалж буй бухимдлыг уг шийдвэр нь улам өрдөж байна. Эрх чөлөөний эвсэл намынхан энэ сарын 11-нд тэмцлийн жагсаалаа үргэлжлүүлэх сурагтай. Тэд энэ удаа Засгийн газар биш, шууд Ерөнхий сайдыг онцолж, огцруулах шаардлагаа тавих бололтой. Гэхдээ хэдийгээр иргэд эсэргүүцэж, огцрохыг шаардсан ч эцсийн шийдвэрийг УИХ л гаргана. Уяачид голдуу УИХ-ын гишүүд өөрсдийнхөө эрх ашгийн эсрэг алхам хийж, Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөх үү. Эсвэл Засгийн газар, парламент нь хамтдаа олон улсын өмнө хүүхдэдээ, хүндээ хайргүйгээ батлаад шившиг болох уу.