
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны удирдлагууд ээлжит шуурхай хуралдаанаараа “Алт3” аяны хэрэгжилт, газрын тосны хайгуулын ажлын үр дүн болон салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд боловсруулж буй баримт бичгийн явцын талаар мэдээлэл сонсож, холбогдох хүмүүст үүрэг даалгаврууд өглөө. Тухайлбал, газрын тосны эрэл, хайгуулын ажилд саад болж байгаа асуудалд анхаарал хандуулж, орон нутгийн хэмжээнд уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, “Геологийн судалгаа, шинжилгээний төв” ТӨҮГ-ын үйл ажиллагаанд хяналт тавьж, орлогыг нь нэмэгдүүлэх арга хэмжээ авах, Газрын тосны бүтээгдэхүүний болон Газрын тосны тухай хуулийг шинэчлэн боловсруулах ажлыг эрчимжүүлэх, эрдэс баялгийн салбар зөвлөлийн хурлыг шуурхай зохион байгуулахыг АҮЭБЯ-ны болон АМГТГ-ын холбогдох газар, хэлтсийн дарга нарт даалгав. Түүнчлэн COP17-гийн үеэр зохион байгуулах “Байгалийн капитал-Хариуцлагатай уул уурхай” сэдэвт хуралдаан, “Ашигт малтмалын долоо хоног” арга хэмжээний бэлтгэл ажлуудад анхаарахыг холбогдох албан тушаалтнуудад чиглэл болголоо.
Ж.СУВД