Бага ангийн сургалтын шинэчилсэн хөтөлбөрийн хүрээнд I ангийн сурагчдад ирэх улирлаас эхлэн нийгэмшихүй, сэтгэл зүйн хичээл орохоор болсныг Боловсролын яамнаас өчигдөр мэдээллээ. Эдгээр хичээл нь хүүхдийн танин мэдэхүйн хөгжилтэй зэрэгцэн нийгэмшил, сэтгэл хөдлөлийн төлөвшлийг дэмжихэд чиглэх бөгөөд сурагчдад өөрийгөө ойлгох, бусдыг хүндэтгэх, хамтран ажиллах, эерэг харилцаа бий болгох зэрэг амьдралын суурь чадвар эзэмшүүлэх аж. Мөн хүүхдүүдэд өөртөө энэрэнгүй хандах, сэтгэл хөдлөлөө таньж мэдэх, удирдах, мэдрэмжээ илэрхийлэх, зөрчлийг шийдвэрлэх, нийгэмд хариуцлагатайгаар оролцох арга ухааныг системтэйгээр заах гэнэ.
Хөтөлбөрийг “Би”, “Бид”, “Бусад” гэсэн үндсэн агуулгын хүрээнд хэрэгжүүлэх ба сурагчид зургаан ерөнхий сэдвийн хүрээнд 24 чадамж эзэмшир аж. “Сургалтыг чанартай явуулах үүднээс багш нарыг тусгай арга зүйгээр бэлтгэж, сурагч бүр “Миний сайхан сэтгэлийн дэвтэр”-тэй болж, өдөр тутмын эерэг дадал, зөв хандлагуудыг хөтөлж тэмдэглэж сурна. Гэр бүлийн орчинд ч харилцан ойлголцол, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхэд уг гарын авлага чухал ач холбогдолтой” гэдгийг албанынхан хэлэв.
Түүнчлэн зургаан настнуудад шинэ хичээл заахтай холбогдуулан эцэг, эх, асран хамгаалагчдад зориулсан гарын авлага, зөвлөмж боловсруулан түгээж, нийгэм, сэтгэл зүйн хөгжлийг нь хамтран дэмжихээ дээрх яамнаас мэдээлсэн юм.
М.Гэгээ