Хан-Уул дүүргийн нутагт оршин суудаг нэгэн айлд 3-4 хүн нийлж архи ууж байгаад нэг нь нас баржээ. Энэ талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад өнгөрсөн сарын 29-ний 19.00 цагийн үед ирсэн бөгөөд “Манай гэрт орж ирсэн хүн сэрэхгүй байна” гэж тухай айлынхан дуудлага өгсөн аж. Хэргийн газрын үзлэгээр нас барсан иргэн гаднын нөлөөтэй буюу хүнд зодуулсны улмаас амиа алдсан байж. Тус дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн ажилтнууд тэнд байсан хүмүүсээс мэдүүлэг авахад Х гэх хүн гаднаас нэмж ирж архи ууж байгаад муудалцсаны улмаас хохирогчид халдан амийг нь егүүтгээд зугтсан нь тодорхой болжээ. Улмаар Х-ын оршин суух хаягийг тогтоон гэрт нь очиход хүүхдүүд нь “Аав гэртээ ирэлгүй олон хонож байна” гээд хашаандаа тэжээдэг нохдоо сул тавин хаацайлж байсан гэнэ. Мөрдөгчид холбогдох шалгалтын ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж аравдугаар 30-ны шөнө Х-ыг гэрээсээ гараад холдоогүй, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт явж байхад нь саатуулсан байна. Тэрбээр амиа хорлох зорилгоор хутга, гутлын үдээс зэргийг авч явжээ. Өдгөө түүнийг цагдан хорьж шалгаж буй аж.