Мод тарих нь амьдралдаа хийх гурван том буяны нэг гэдэг. Гэхдээ үрийг нь хөрсөнд булаад, эсвэл суулгац тариад л болчихгүй. Түүнийг арчилж, эргэж тойрч баргийн салхи, бороонд дийлдэхгүй том мод болгосны дараа л жинхэнэ буян хийлээ гэж үзэх учиртай. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэж ардын зүйр үг бий. Энэ зарчим манай хууль тогтоох байгууллагад ч үйлчлэх учиртай. Парламент бол хууль тогтоохоос гадна хэрэгжилтэд хяналт тавих үндсэн үүрэгтэй. Хууль, тогтоол бол гишүүдийн тарьсан “үр”. Үр нь амьдрал хэмээх хөрсөнд хэрхэн төлжиж, өсөж бойжихыг тэд харж, хянаж байх учиртай. Хэрэв тарьсан модных нь мөчир салхинд хугарч гэмтвэл эмчлэх үүрэг ч хүлээнэ. Харин манай түшээд ингэж чадаж байгаа юу. Баталсан хууль нь Цэц дээр бүдэрч, “Үндсэн хууль зөрчсөн” хэмээн түдгэлзүүлж байхад ч тоох түшээ алга болжээ. Өө ихтэй, хөрсөн дээр буудаггүй, эсвэл хэсэг бүлэг хүний эрх ашигт зориулсан “захиалгын хууль” батлах нь ч бий.
Ийм хууль хэргээ гүйцээсний дараа өөрчлөх, Цэцээс хэрэгжилтийг нь түдгэлзүүлэхэд тэдний сэтгэл “өвдөхгүй” нь мэдээж. Гэхдээ УИХ-аас дандаа муу хууль гараагүй. Нийгэм, эрүүл мэндийн салбарт дутуугаа аль болох нөхөх гэсэн, дэвшилттэй хууль цөөн боловч гарч байгаа. Иргэдийн өдөр тутмын амьдралд илүү хамаатай “ахуйн” буюу нийгэм, эрүүл мэндийн салбарын хоёр хуулийг энэ удаа онцолж байна. Эрүүл мэндийн даатгалын хууль: УИХ энэ хуулийг 2014 оны нэгдүгээр сарын 29-нд баталсан. Эрүүл мэндийн даатгал бидэнд хэрэгтэй юү. Мэдээж тийм. Гэвч үр ашгийг нь бид тэр бүр амсаж чадахгүй байна. Хуулиар нэг иргэн жилд 1.800.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг даатгалаараа хөнгөлөлттэй авах эрхтэй байдаг аж. Үүнийг ашигладаг хүн олон биш. Даатгал төлөөд л байдаг, хэчнээн ч жил эмнэлэгт үзүүлээгүй.
Эсвэл цаг хэмнэх, үйлчилгээ сайтайг нь бодоод хувийн эмнэлэгт хандчихдаг хүн олон. Шинэ хуулиар энэ “сул мөнгө”-ийг гэр бүлийнхээ өвчтэй байгаа гишүүнд шилжүүлэх боломжийг нээж өгсөн юм. Гэр бүлээс хэн нэг нь өвдөхөд мөнгө асуудал болдог. Байраа зарахаас эхлээд сандардаг шүү дээ. Тэгвэл хэрэглээгүй даатгалаа тэр хүндээ шилжүүлж болно. Гурван жилийн турш даатгалаа ашиглаагүй иргэн нэг удаа 80 мянган төгрөгт багтаагаад шинжилгээ өгч, үйлчилгээ авах эрхтэй. Энэ мэт нааштай заалт хуульд бий ч мэдсэн, бас ашигласан хүн хэр олон бэ. Миний эргэн тойронд лав энэ боломжоо ашигласан хүн алга. Эрүүл мэндийн даатгалаа үзүүлээд зарим эмийг хөнгөлөлттэй үнээр авч болдгийг бол хүмүүс мэддэг. Тэгвэл үүн дээр нэмээд хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх эмчилгээ, өндөр өртөгтэй эмчилгээ, сэргээн засах зориулалтаар хийх протез, хорт хавдрын хими болон туяаны өдрийн эмчилгээг даатгалаараа төлөх боломж бүрдсэн. Энэ мэтээр алхам алхмаар манай эрүүл мэндийн даатгалын тогтолцоо сайжирч байгаа. Гэхдээ л дутагдал байсаар.
Энэ асуудлаар зарим нам санал боловсруулж буй юм билээ. Тухайлбал, Хөдөлмөрийн үндэсний намын Удирдах зөвлөлийн гишүүн, анагаах ухааны доктор Н.Одонгуа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эрүүл мэндийн салбарын үйлчилгээнд манай иргэд 60-аас доогуур хувийн сэтгэл ханамжтай байдаг гэсэн судалгаа бий. Үйлчилгээ, орчин, хоол хүнсний чанар гээд бусад үзүүлэлт нь бүр доогуур гарсан. Даатгалын системд тодорхой өсөлт бий. Цаашид бага багаар сайжрах байх. Манай нам энэ талаар санал боловсруулж өгсөн ч хүлээж аваагүй” хэмээн ярьжээ. Аливаа хуулийг боловсруулах үйл явц зөвхөн УИХ-ын 76 гишүүн, салбарын хүмүүст хамаатай биш. Парламентад суудалгүй намууд ч бас саналаа хэлж, төслөө илгээж байдаг гэсэн үг. Эрүүл мэндийн даатгалын хуулийг хамгийн сүүлд 2006 онд шинэчлэн найруулсан. Дэвшил гарч буй ч ядаж хуулиа сурталчлах талаар манай түшээд тун хойрго. Хэрэгжээд жил гаруй болчихсон хуулийн өөрчлөлтийн талаар сонсоо ч үгүй хүн олон бий. Тамхины хяналтын тухай хууль: Л.Эрдэнэчимэг нарын эмэгтэй гишүүний санаачилсан энэ хуулийг олон нийт талархан хүлээж авсан.
Үйлчилгээний газруудад тамхи татахаа больсноор эрүүл орчинд амарч, алжаалаа тайлах боломжтой болсон. Гэвч хэдхэн сар хэрэгжээд л зарим баар, рестораны ариун цэврийн өрөө буцаад “тамхины цэг” болж орхисон. Тамхи татах, эсэх нь хувь хүний сонголт, эрх. Үүнийг нь шууд хорьж болохгүй. Өөрөөр хэлбэл, татахыг зөвшөөрсөн тодорхой цэг байх ёстой гэсэн маргаан, ийм зохицуулалт хэрэгтэй нь хууль хэрэгжих явцад гарсан. Тиймээс нэр бүхий гишүүд уг хуульд өөрчлөлт оруулж, тамхи татах тусгай цэгүүдтэй байх зохицуулалт тусгасныг УИХ баталсан. Одоо зарим автобусны буудалд “Тамхи татах цэг” нэртэй “шилэн ТҮЦ” бий. Гэвч ажилладаггүй, онгойдоггүй. Тийм давчуу “амбаарт” орж тамхилах хүн ч олдохгүй. Хэн нэгний бизнес болоод л “хэвтэж” байна. Л.Эрдэнэчимэгийн хуульд шүүмжлэл дагуулсан бас нэг зүйл нь сургууль, цэцэрлэгээс 500 метрийн зай дотор тамхи татахыг хориглосон заалт.
Худалдаачид үүнийг их эсэргүүцсэн. Эрэлт байгаа цагт нийлүүлэлт тасрахгүй. Тиймээс эдүгээ зарим дэлгүүрийнхэн лангуун дороо тамхиа тавьчихаад зарж буй. Тамхи татдаг хүн, худалдагч хоёрын дунд үүнийг орлуулах нууц үг хүртэл бий болсон гэх. Тухайлбал, ESSE хэмээх нарийн тамхийг “ээзгий” гэдэг үг орлодог, ингэж хэлээд л тун сайн ойлголцдог, өгч авалцдаг сурагтай. Өнөөх 500 метр дотор нь тамхи зарсаар, баахан мөнгө зарж хийсэн тусгай цэг нь ажиллахгүй байсаар атал УИХ хяналт тавьсангүй. Яагаад хэрэгжихгүй байна гэж эргэж ч харахгүй байна. Ахуйд, эрүүл мэндэд ойрхон хоёрхон, гэхдээ бас ч гэж дэвшилттэй хоёр хуулиар жишээ авахад л хэрэгжилт нь ийм байна.
УИХ-ын гишүүдийн олонх нь ажил хийвэл дуустал гэдэг зарчмыг мөрддөггүй, тарьсан үрээ мод болтол ургуулах сэтгэлээр дутмаг аж. Үндсэн хоёр үүргээ бүрэн биелүүлдэггүй ийм хүмүүст хариуцлага тооцох ёстой. Өөрсдийгөө “тэнгэрийн амьтан” гээд ойлгочихсон эрхмүүд удахгүй болох сонгуулиар газарт бууж ирнэ. Тэр үед нь сонгогчид дүнгээ тавих биз ээ. Хэрэгжүүлэх гэж л хууль баталдаг болохоос бусдад оноо авах, ажил хийсэн бол харагдах гэж гаргадаггүй.
С.ТУУЛ