Монгол дахь Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жеймс Андерсон, Дэлхийн банкны Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн асуудал хариуцсан салбарын захирал тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн баасан гаригт Хөдөлмөрийн яаманд айлчилжээ. Уулзалтын эхэнд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай олон чиглэлээр хамтарч ажилласнаар үр өгөөжтэй төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж, үр дүнгээ өгч буйд талархаж байна. Сүүлийн үед уул уурхайн бүтээгдэхүүн, түүхий эдийн үнэ ханш дэлхийн зах зээл дээр унаж байгаа нь манай улсын эдийн засагт нөлөөлж, улмаар ажлын байр хомсдох нэг үзүүлэлт болж буй юм. Тиймээс манай яамны зүгээс танай байгууллагатай тодорхой хэд хэдэн чиглэлд хамтарч ажиллах хүсэлтэй байна. Тухайлбал, хот суурин дахь ажилгүй залуус, өрх толгойлсон эмэгтэйчүүд зэрэг хөдөлмөрийн зах зээлийн харилцаанд оролцох хүсэлтэй ч боломж хомс байгаа хүн амын давхаргад хандсан төсөл хэрэгжүүлэх. Мөн Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор хөдөлмөр эрхлэлтийн олон хэв шинжүүдийн зохицуулалтыг шинээр нэвтрүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, хуулийн хэрэгжилтийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа явуулахад туслалцаа дэмжлэг шаардлагатай байгаа” хэмээсэн байна. Хариуд нь ноён Жеймс Андерсон “Эрхэм сайд таны хэлж буй Хөдөлмөрийн яамнаас санал болгосон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийн талаар бид судалсан. Хэрэгжүүлэх цаг хугацаа, нөхцөл бололцооны хувьд тун боломжтой үе гэж үзэж буй тул танай яамтай хамтарч ажиллахыг хүсэж байна” хэмээн нааштай хүлээн авчээ. Түүнчлэн тэрбээр Дэлхийн банкны хувьд ядуурлыг бууруулах, хөгжил цэцэглэлтийг дэмжих замаар олсон ашгаас бүх иргэд хувь хүртдэг байлгахыг зорьдгийг дурдаад, энэ зорилгоо биелүүлэхэд хөдөлмөрийн асуудал тун чухал учраас Хөдөлмөрийн яамтай хамтран хөдөлмөрийн зах зээлд иргэдийн оролцоог дэмжих чиглэлд үйл ажиллагаа явуулахад татгалзах зүйлгүй гэж мэдэгдсэн аж. Ялангуяа Улаанбаатар хотод улирлын чанартай ажил зонхилж үүнээс шалтгаалан залуучуудын хөдөлмөрийн зах зээл дэх идэвхтэй оролцоо буурч байгаа нь эдийн засгийн талаас боломжийг муу ашиглаж байна гэсэн үг. Тийм учраас хэрхэн яаж идэвхжүүлэх вэ гэдгээр сайдтай санал солилцох хүсэлтэй буйгээ хэлжээ.