Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн 50 гаруй зусланд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цахим болон үе тэнгийн дээрэлхэлт, хорт зуршил гэх мэт аливаа эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлж байна. Өнгөрсөн тавдугаар сард хүүхдийн төлөөх байгууллагууд эдгээр эрсдэлийн эсрэг сургалтын нэгдсэн хөтөлбөр боловсруулж, зуслангуудад нэвтрүүлэн, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяныг давхар хэрэгжүүлж байгаа аж. Сүүлийн таван жилд улсын хэмжээнд хүүхэд хохирсон 10 995 гэмт хэрэг бүртгэгдэж, үүний улмаас жилд дунджаар 2200 хүүхэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирчээ. Тэр дундаа үе тэнгийн дээрэлхэлтийн гэмт хэрэг, зөрчил улам нэмэгдэх хандлагатай байгаа гэв. Тодруулбал, өнгөрсөн онд үе тэнгийн дээрэлхэлтийн 399 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 61.7 хувь нь гэмт хэргийн, 38.3 хувь нь зөрчлийн шинжтэй байсныг албаныхан мэдээлсэн. Иймд цаашид ерөнхий боловсролын сургуулиудад энэ төрлийн мэдлэг, мэдээлэл, эрх зүйн боловсрол олгох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх гэнэ.