Хууль зүйн салбарын мэргэжилтэн, судлаач багш, Авирмэдийн Эрдэнэбаяртай ярилцлаа.
-Иргэд нийгмийн сүлжээн дэх элдэв аар саархан мэдээлэлд талцан маргалдах нь ихэссэн. Үүнийг “задгай мөнгөний сэтгэхүй” гэж тодорхойлж буй талаарх таны байр суурийг сонсъё?
-Өнөөгийн Монголын нийгэмд хүмүүсийн анхаарал жижиг, ахуйн шинжтэй, эсвэл хэн нэгний хувийн амьдралын эргэн тойрон дахь хямд сенсаацад хэт төвлөрөх болсон. Энэхүү сэтгэлгээний гажуудлын цаана улс үндэстний язгуур эрх ашиг, иргэн, төрийн хоорондын суурь харилцаа, хууль цааз болон хөгжлийн том асуудлууд орхигдож байна. Тиймээс “Задгай мөнгөний сэтгэхүй” гэдэг нь маш оновчтой тодорхойлолт юм. Энэ бол хэтийн зорилго, алсын хараагаа алдаж, зөвхөн өнөөдрийн өчүүхэн ашиг сонирхол, эсвэл түр зуурын сэтгэл хөдлөлд автаж буй хэлбэр. Иргэд өөрсдийн суурь эрх, жинхэнэ үнэ цэн, хөдөлмөрийн үнэлэмж гэх мэт том зүйлсээ анхаарч, шаардахын оронд өдөр тутмын сошиал медиагийн хиймэл маргаанд ихэнх цаг хугацаа, эрч хүчээ барж байна. Энэ бол сэтгэхүйн маш гүн хоосрол. Хүн үнэт зүйлгүй болох үедээ юуны ч хамаагүй араас хошуурч эхэлдэг.
- Таны хэлснээр энэ сэтгэхүйн хоосрол нь биднийг “эх оронгүй болох” аюул руу түлхэж байна гэж үү. Энэ хоёр ойлголт яаж холбогдож байна вэ?
-Эх орон гэдэг бол зөвхөн газар шороо биш. Энэ бол иргэд болон төрийн хооронд байгуулагдсан үл үзэгдэх Үндсэн хуулийн шинжтэй “Нийгмийн гэрээ” юм. Иргэд нь хуулиа дээдэлдэг, төр нь иргэнээ хамгаалдаг, нийгэм нь шударга хөдөлмөр, үнэт зүйл дээр тогтдог байх ёстой. Гэтэл иргэдийн сэтгэлгээ задгай мөнгө шиг бутарч, жижиг, сажиг элдэв зүйлд сатаарах үед энэхүү “Нийгмийн гэрээ” дуусгавар болдог. Хүмүүс системийн авлига, хуулийн гажуудал, баялгийн тэгш бус хуваарилалт, эсвэл нийгмийн даатгал, хөдөлмөрийн хөлсний шударга тогтолцоог шаардахаа больдог. Түүний оронд хэн нэгэн олны танил хүний хувийн амьдрал, хувцаслалт зэргийг шүүн хэлэлцэж, түүндээ хамаг анхаарлаа хандуулдаг. Ингэж иргэд нь төрийн хэрэг, нийгмийн хариуцлагаас өөрсдөө татгалзаж, оюун санааны хувьд алсарч одохыг л “эх оронгүй болох” гэж хэлээд байгаа юм. Оюун санааны тусгаар тогтнолоо алдсан үндэстэн газар зүйн хувьд хэчнээн хил хязгаартай байгаад ч дотроосоо нуран унадаг.
-Иргэдийг ийм аар саархан зүйлд хэт их оролцож, талцахад юу түлхэц болж байна вэ?
-Нэгдүгээрт, бодит байдлаас зугтах гэсэн сэтгэл зүй. Яагаад миний цалин амьдралд хүрэлцэхгүй байна, яагаад хууль хүн бүрд тэгш үйлчлэхгүй байна гэх зэрэг нийгэмд шударга бус зүйл их. Амьдралын ачаа хүнд байх үедээ хүмүүс асуудлын уг сурвалжтай нүүр тулахаас илүүтэй, тархиа амраах, хэн нэгнийг шүүмжилж өөрийгөө дөвийлгөх амархан замыг сонгодог.
Хоёрдугаарт, зориудын анхаарал сарниулалт. Том хулгай, ноцтой гэмт хэрэг, хуулийн хулгай явагдаж байх үед нийгмийн сэтгэл зүйг өөр тийш нь чиглүүлэх “утаан хөшиг” болгож элдэв сенсаацыг зориуд шиддэг технологи хэдийн нутагшсан. Иргэд үүнийг ялгаж салгах хуулийн болон улс төрийн боловсрол дутмаг байгаагаас “задгай мөнгө”-нд хууртаж, жинхэнэ баялгаа чимээгүйхэн хулгайлуулсаар байна.
-Бид энэ байдлаас хэрхэн гарах ёстой вэ. Сэтгэлгээний хоосролоос сэргийлэх арга зам юу вэ?
-Иргэн бүр өөрсдийн нийгэмд гүйцэтгэх үүрэг, байр сууриа эргэн харах цаг болсон. Мэдээлэл бүрдшүүлтүүртэй хандаж, “Энэ сэдэв миний болон үр хүүхдийн ирээдүйд ямар хамааралтай, яаж нөлөөлөх вэ?” гэж өөрөөсөө асуудаг байх хэрэгтэй.
Бид жижиг зүйл дээр маргалдахаа зогсоож, хөдөлмөрийн харилцаа, хуулийн засаглал, төрийн институцийн ил тод байдал зэрэг суурь асуудал руу анхаарлаа чиглүүлэх ёстой. Иргэн хүн хууль эрх зүйн хувьд мэдлэгтэй, шаардлага өндөртэй байж чадвал “нийгмийн гэрээ” утгаараа хэрэгжинэ. Задгай мөнгөөр хэзээ ч томоохон хөрөнгө оруулалт хийж, бүтээн байгуулалт босгож чаддаггүйтэй адил, ядмаг, явцуу сэтгэлгээгээр бид хүчирхэг, эрх зүйт төрийг хэзээ ч байгуулж чадахгүй гэдгийг хатуу ухамсарлах хэрэгтэй.
-Та түрүүн нийгмийн анхаарлыг зориуд сарниулах, сэтгэлгээний хоосролын талаар дурдлаа. Өнөөдөр үүний нэг маш аюултай хэлбэр нь “Бүгдийг шүүмжилж, харлуулж мөнгө олдог” бүхэл бүтэн салбар үүссэн явдал юм шиг санагддаг. Тэд олсон мөнгөөрөө эргээд бусдын тархийг хоосон байлгах, ямар ч хэрэгцээгүй зүйлсийг “үнэ цэнтэй, төлбөртэй үйлчилгээ” мэтээр нийгэмд тулгах боллоо. Үүнээс үүдээд бид хуульт ёсыг уландаа гишгэж, “боолын сэтгэхүй”-гээр хоорондоо өрсөлдөх болсон гэдэгтэй санал нийлэх үү?
-Энэ бол нийгмийн оюун санааны хувьд хамгийн ноцтой, бүр эмгэнэлтэй шатандаа орж буйн илрэл. Үүнийг хэд хэдэн түвшинд задалж харах ёстой. Нэгдүгээрт, шүүмжлэлийг бизнес болгох буюу “оюун санааны рэкит”. Эрүүл нийгэмд шүүмжлэл гэдэг нь алдааг засах, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хөдөлмөрийн харилцааг сайжруулах гарц болдог. Гэтэл өнөөдөр юуг ч хамаагүй шүүмжилж, олон нийтийн бухимдал дээр тоглолт хийж “хандалт” цуглуулан, түүгээрээ шантааж хийж мөнгө олдог бүлэг үүссэн. Хамгийн аймшигтай нь, тэд тэрхүү бохир мөнгөөрөө нийгмийн тархийг угаах контент үйлдвэрлэж, хов жив, хийрхэл, тархины хоосролыг “үнэ цэнтэй” зүйл мэт маркетинг хийж байна. Хүмүүс мөнгө төлж, эсвэл хамгийн үнэтэй цагаа зарцуулж тэрхүү хоосон зүйлсийг үзэж, хэрэглэж байна гэдэг нь сэтгэхүйн нийгмийн шинж чанар, хамтын эрүүл саруул ухаан үгүй болж буйн дохио.
-Тархины хоосрол хуульт ёс, нийгмийн суурь харилцаанд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Нийгэм гэдэг бол ухамсартай иргэдийн байгуулсан гэрээ буюу хуулийн хүрээнд оршин тогтнодог. Иргэд нь мэдлэгтэй, шаардлагатай байж гэмээнэ “Хуульт ёс” (Rule of Law) хэрэгжинэ. Гэтэл тархиа зориудаар хоосруулсан, эсвэл мэдээллийн хогоор дүүргүүлсэн нийгэмд хууль дүрэм, Үндсэн хуулийн үнэт зүйл, иргэний эрх, үүрэг гэдэг ойлголт замхардаг.
Үүнийг дагаад “хуульт ёсыг халсан боолын сэтгэхүй” ноёлж эхэлнэ. Боолын сэтгэхүй гэдэг нь зөвхөн хэн нэгний захиргаанд орохыг хэлдэггүй. Энэ бол өөрийнхөө эрх ашгийг том зургаар харж чадахгүй, зөвхөн өнөөдрийн талх, эсвэл өөрт өгсөн өчүүхэн эрх мэдлийнхээ төлөө ижил түвшний хүмүүстэйгээ хэмлэлдэхийг хэлдэг. Хууль, дүрэм мөрдөх, шаардахын оронд даргад тал засах, эсвэл нийгмийн сүлжээнд нэг нэгнээ хэмлэн устгах замаар өөрөө амьд үлдэхийг оролддог болсон.
-Өөрөөр хэлбэл, бид системтэйгээ биш, өөр хоорондоо тэмцэлдээд байна гэсэн үг үү?
-Тийм. Боолын нийгмийн хамгийн том эмгэнэл нь боолууд эзнийхээ эсвэл шударга бус тогтолцооны эсрэг биш, харин илүү сайн боол байж, нэгнээ дарангуйлахын төлөө хоорондоо өрсөлддөг явдал юм. Өнөөдрийн сошиал орчин дахь хэрүүл, хэн нэгнийг гадуурхаж буй бүлэглэлүүд, нэгийгээ унагааж байж өөрөө амь гарах гэсэн энэ “зэрлэг капитализм”-ын илрэлүүд чинь яг л энэ өрсөлдөөн юм.
Хүмүүс цалин хөлс, хөдөлмөрийн үнэлэмж, хуулийн тэгш үйлчлэлийн төлөө эвлэлдэн нэгдэж чадахгүй мөртлөө, хэн нэгний алдаан дээр дөрөөлж өөрийгөө цэвэр ариун мэт харагдуулахын төлөө үхэн хатан өрсөлдөж байна. Энэ бол сэтгэлгээний хувьд бүрэн дампуурч, нийгмийн харилцаа хүний эрх, хууль эрх зүйн орчноос гарч, хүй нэгдлийн эсвэл боолчлолын үеийн зэрлэг инстинкт рүүгээ ухарч буйн шинж.
Үүнийг зогсоох ганц зам нь иргэдийн сэтгэлгээг соён гэгээрүүлэх, мөн нийгмийн гэрээ буюу хуулийн засаглалыг бодитоор хэрэгжүүлэх явдал юм. Бусдыг харлуулж мөнгө олдог, тэр мөнгөөрөө бусдын тархийг угаадаг энэ гаж тогтолцоог эрүүл сэтгэхүйтэй, хууль зүйн шаардлага өндөртэй, боловсролтой иргэд л таслан зогсоож чадна. Эс бөгөөс бид бүгд тархи нь түгжээтэй боолууд болон хувирч, тэрхүү цоож гинжээрээ хэн нь илүү гоё чимэглэсэн бэ гэдгээрээ өрсөлдөж амьдрах болно.