Инээмсэглэн угтдаг төрийн албан хаагч гоё. Тэгээд хэнтэй уулзах, аль өрөөнд орохыг заагаад өгчихдөг бол бүр ч сайн. Төрийн байгууллагын байшин улам томроод л, улам “ухаажаад”, дэвшилт технологийн эринтэй хөл нийлүүлээд л байна. Тэр хэрээр хаалга нь улам л “олдохгүй” болчихжээ. Тэр хаалгыг мөргөх тохиолдол олширлоо. Та ч гэсэн мэдэж л байгаа.
Хаалт “мөргөөд”, хүн гарч ирж онгойлгохыг хүлээдэг, гарч ирэхгүй бол тогшиж чимээ өгдөг газар цөөнгүй болсон гэдгийг. Тэр нь хувийн хэвшлийнхэн биш, хэн нэг одынх ч биш, төрийн байгууллага байгааг анзаарсан л байх. Саяхан нэг яаманд очлоо. Угтагчийнх нь цаана шат ил харагддаг, бичиг баримтаа үзүүлээд л орж болдог байсан тэр газар хар өнгөтэй, ухаалаг хаалттай болчихож.
Зөвхөн зөвшөөрсөн хүмүүс болон ажилтнуудыг л оруулах ёстой хаалтаар батгана ч шургалж дийлэхгүй бололтой. Бас орж, гарах хүмүүсийг шалгах зориулалтын мэдрэгчтэй, хүн өнгөрөх бүрт чаг чаг дуугардаг төхөөрөмж ч суурилуулжээ. Түүнийх нь хажууд нэг хамгаалагч зогсоод хаагуур гарч, орохыг нь хүртэл заадаг юм байна.
Өмнө нь зүгээр байсан тэр газар гэнэт ийм нягт нямбай болчихсон нь юуных вэ. “Янз бүрийн буруу, муу санаатай хүмүүс орохоос хамгаалсан юм” гэж хэлэх байх. “Өөдлөх айл үүднээсээ” гэж цэцэрхэж ч магадгүй. Мэдээж хөгжин дэвшиж буй одоо цагийг ч хамаатуулна. Түүнийг нь буруутгах аргагүй. Хоцрогдсон чигээрээ бай гэлтэй биш.
Гэхдээ хаалт бүх байгууллагад биш, хэрэгтэй газруудад л байвал ямар вэ гэсэн энгийн санал байна. Төсөв хүндрэлтэй, ажилтнуудынхаа цалин хөлсийг өгч чадахгүй гэж гомдоллож байгаа тэдэнд хаалт хийх хөрөнгө байгаа нь, тэр нь бидний татварын мөнгө байж магадгүй гэж бодохоор харамсалтай. Бидний мөнгөөр биднийг хааж байгааг харах гунигтай. Жирийн иргэндээ үйлчилгээ хүртээх ёстой газар нь ингэж нуруугаа харуулж, төр, иргэн хоорондын зай холдсоор л байгаа нь хайран байна.
Дэлгүүрт ороод аль сайхан хандсан, эелдэг үйлчилгээтэй газраас бараа бүтээгдэхүүн худалдаж авахыг хүсдэг. Өөр газарт арай чанартай нь байсан ч худалдагч нь адайр ааштай, соёлгүй, бүдүүлэг бол очихыг хүсдэггүй. Дэлгүүрийг сонгож болдог. Харин төрийг бол болохгүй. Хэрэг гарвал очиж л таарна. “Ухаажиж” болно. Гэхдээ тэрийгээ буруу газраа хэрэглээд байна. Байшин хэчнээн өөрчлөгдлөө ч, хаалтаа хэчнээн нэмлээ ч доторх хүмүүс нь өөрчлөгдөхгүй бол юуных нь дэвшил байх билээ.
Ч.ЗУЛ