Антибиотикийн тэсвэржилт, түүнээс сэргийлэх арга замын талаарх сургалт, сурталчилгааны сарын аяныг Улсын хоёрдугаар төв эмнэлэг эхлүүллээ. Хэрэглэж буй эмэндээ тэсвэртэй болохыг нянгийн тэсвэржилт гэдэг аж.
Өнгөрсөн гуравдугаар сард болсон ДЭМБ-ын хурлын үеэр “Дэлхийн хүн амын олонх нь нянгийн тэсвэржилттэй болсон. Энэ нь цаашид улам өсөх хандлагатай. 1950 оноос дэлхий нийт антибиотик хэрэглэж эхэлсэн бөгөөд тэр нь 8-9 жилийн давтамжтайгаар хүний биед тэсвэржиж иржээ.
2009 оноос шинээр антибиотик нээсэнгүй. Одоо хэрэглэж буй антибиотикуудад нян тэсвтэртэй болсон учраас шинээр нээх нэн шаардлагатай байна” гэж мэдээлжээ.
Тиймээс иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эмч нарын жор бичих стандартыг сайжруулах, антибиотикийг эмийн сангуудаар жоргүй олгохгүй байхад анхааруулж сарын аяныг эхлүүлсэн байна.
Ч.ТУЯА