Ирэх өдрүүдэд тэнгэрийн араншин тавгүйтэхийг цаг уурчид анхааруулж байна. Өнөөдөр баруун болон төвийн нутгийн зарим газраар сэрүүсэж, маргаашаас ихэнх нутгаар бороо, уулархаг газраар нойтон цас орж эхлэх гэнэ.
Мөн энэ сарын 22-нд баруун зүгийн нутгийн баруун, төв, говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар, 23-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас үргэлжлэн орох юм байна. Салхи ихэнх хугацаанд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна.
Хугацааны эхээр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байх аж.