Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай 4.5 тэрбум ам.долларын санхүүжилтийг олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай ирэх арваннэгдүгээр сард эцэслэн шийдвэрлэх тухай “Rio Tinto” компанийн Зэс, нүүрсний группийн Хөгжлийн асуудал эрхэлсэн захирал Грэйг Киннел ярьжээ. Өнгөрсөн долоо хоногт “Оюутолгой” төслийн талбайд олон улсын сэтгүүлчид зочилсон бөгөөд “Reuters”, “The Sydney Morning Herald”, “Australian” зэрэг цахим хуудсанд энэ тухай мэдээлсэн байна. Санхүүжилтийг шийдсэнээр газар дор 200 гаруй км урт хөндлөн малталт хийх, нийт зургаан км урттай таван босоо ам гаргах зэрэг ажлыг 5-7 жилийн хугацаанд гүйцэтгэх аж. Бас ордыг 2100 он хүртэл ашиглах боломжтой гэнэ. Грэйг Киннел мөн “Далд уурхайн бүтээн байгуулалт нь чухал ажил. Монгол Улсад ирэх жил болох сонгууль энэ төсөлд сөргөөр нөлөөлөхгүй гэдэгт итгэлтэй байна” хэмээн өгүүлжээ.
Энэ жилийн тухайд Оюутолгойн ил уурхайгаас 195 мянга орчим тонн зэсийн агуулгатай баяжмал үйлдвэрлэх төлөвтэй байгаа гэнэ. Дашрамд дурдахад, Оюутолгойгоос энэ онд 175-195 мянган тонн зэс, 600-700 мянган унци алтны агуулгатай баяжмал үйлдвэрлэх төлөвлөгөө хэвээр гэдгийг “Turquoise Hill Resources” өнгөрсөн сард мэдэгдсэн билээ. Оюутолгойн эрчим хүчний хэрэглээ 150 мВт-д хүрээд буй агаад цаашид 260 орчим мВт болох аж. Тус ордоос үйлдвэрлэж буй бүх бүтээгдэхүүнийг БНХАУ худалдан авч байгааг Грэйг Киннел онцолжээ.
Ц.Болормаа