“Тэди” худалдааны төвийн орчимд тэсрэх бөмбөг байрлуулжээ” гэх мэдээлэл өнгөрсөн баасан гаригт ойр орчмын албан байгууллагынхныг “түргэн авахуулав”. Энэ сарын 18-ны 12.50 цагийн үед “Тэди” рүү очиход тэндхийн түрээслэгчид бүх хүнийг гадагш гаргажээ. Тэр хавиар хүн явахыг хориглож, хол байхыг сануулж байв. Тэнд үнэхээр тэсрэх бөмбөг байрлуулсан, эсэхийг НОБГ-ын ажилтнаас тодруулахад “Манайд ийм дуудлага ирээгүй” гэв. Тэнд байгаа хүмүүс “Зүрх дэлсчихлээ. Нээрэн тэсрэх бөмбөг тавьчихсан юм болов уу” гэцгээх нь цаана л түгшүүртэй. Харин удалгүй энэ бүхний учир тайлагдав. Дорнод аймгийн Халхгол суманд аяллаар явж байсан иргэн Б хээрээс гар бөмбөг олон нийслэлд авчирч, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэст хүргэж өгсөн нь тэр аж. Тиймээс Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн Сапёрын тусгай бүлгийнхэн, гар бөмбөгийг аюулгүй болгох хүртэлх хугацаанд ойр орчмын иргэдэд аюул учрахаас сэргийлэн автомашины болон явган зорчигчийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хаажээ. Энэ тухай Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, ахмад Ё.Лхагвасүрэнээс тодруулахад “12.30 цагийн үед нэг иргэн тээврийн хэрэгсэл дотроо 1930-аад оны загварын гар бөмбөг ачиж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтэст авчирч өгсөн. Тиймээс цагдаагийн байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 200 метрийн тойрогт замын болон хэв журмын хамгаалалт гаргасан. Гар бөмбөг, тэсэрч дэлбэрэх аюултай бодис, сум зэрэг эд зүйл олсон тохиолдолд тэр даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг иргэдэд анхааруулж байна. Сапёрын ангийн мэргэжилтнүүдийн хэлснээр тус гар бөмбөг дэлбэрэх аюултай байсан” гэв.
Ч.Болортуяа