Энд тэнд хэсэг хэсгээрээ бөөгнөрсөн бор шувуу мэт тав арваараа хошуу нийлүүлсэн буурлууд бол ахмад хилчид. Дархан хилээ манахад залуу насаа зориулсан тэд энэ өдөр л ингэж магнайгаа хагартал баярладаг бололтой. Ёслолын хувцсаараа гоёсон залуу хилчид, өнөө цагийг бидэнд авчирсан ахмадуудын уулзан учирсан энэ өдөр хилчдийн баярын өдөр байлаа.“Есдүгээр сарын 17-нд маршал Юмжаагийн Цэдэнбал мэндэлсэн. Хилчдийн баярыг энэ өдөр тэмдэглэдэг нь тохиолдол биш гэж боддог” хэмээн Хилийн инженер, техникийн 0252 дугаар тусгай ангийн захирагч, хурандаа Ж.Дамдинбазар хэлэв. Орчин цагийн хил хамгаалах байгууллага үүссэн баяраа хилчид хэрхэн тэмдэглэдгийг сурвалжлахаар тус ангийг өнгөрсөн пүрэв гаригт зорьсон юм.
Нийслэлийн Багануур дүүрэгт орших, хил хамгаалахад инженер техникийн аргаар дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэгтэй тус ангид очиход зам дагуулж тарьсан цэцэгс нь өнгө өнгөөр алаглаад, ер шарлаагүйг харахад таатай. Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах уралдаанд дүүргээсээ шалгарсан нь ч аргагүй аж. Ангийн захирагч, хурандаа Ж.Дамдинбазар биднийг угтан авч “Бид ахмадуудтайгаа баяраа тэмдэглэдэг юм. Би энэ ангийн захирагчаар ажиллаад есөн жил болж байна. Өмнөх ангийн захирагч, бэлтгэл хурандаа Д.Чулуунбаатараас эхлээд байлдагчаас офицер хүртэл ажилласан буурлууд маань ирсэн. Тэднийгээ баярлуулж, урлагийн тоглолт үзүүлнэ. Мөн Соёлын төвөө засаж тохижуулсан. Түүнийгээ нээнэ. Хилчдийнхээ бүтээлийг ч сонирхуулна” гэж баярын өдрийн арга хэмжээгээ товч танилцууллаа.
Байлдааны тугаа залсны дараа хэсэг хилчид Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар “Хилчдийн алдар”, “Онц хилчин” тэмдгээр энгэрээ мялаав. 1935-1955 он хүртэл Халх голын дайн, Чөлөөлөх дайны баруун хилийн тулгаралтын хүнд үед эх орныхоо тусгаар тогтнолын төлөө онцгой гавьяа байгуулсан 14 хилчин баатраа хүндэтгэн тэдний дурсгалын өмнө цэцэг өргөсөн юм.
“Барааг нь харж баярлах юм даа”
Хамаг сайхан дурсамжийг нь хөглөсөн энэ л ангидаа хоргодон, бараадан амьдрах ахмад хилчин бол 63 настай А.Дүншиг. Тэрбээр одоогийн энэ анги 1973 онд “Хилийн инженер сапёрын рот” нэртэйгээр байгуулагдахад л анхны салаа, тасгийн захирагчаар томилогджээ. “Би хүйтэн дайны хүнд бэрх жилүүдэд ажиллаж байлаа. 1977 онд ОХУ-д Хилийн цэргийн сургуульд сурч ирээд Домогт Халх голын Чогдонгийн нэрэмжит заставын даргаар томилогдсон. Хилийн цэргийн байдал хүнд, зөрчил удаа дараа гарч байхад цэргүүдтэйгээ хамт асуудлыг шийдвэрлэж явлаа. Одоо хил тайван байна. Гэлээ гээд тайвширч болохгүй учраас хилчид маань байнга сонор сэрэмжтэй байгаа нь ажиглагддаг юм. Нөхцөл байдал өнөө үеэс дорой байлаа гээд эх орноо хамгаалах тангаргаасаа үл няцаж, үүргээ хөсөрдүүлэлгүй ирсэндээ баярладаг. Хилийн энэ ангийнхаа барааг нь харж баярлах юм даа. Энүүхэн хойно ахмад хилчидтэйгээ хамт амьдардаг” гэж тэрбээр ярив. Хилийн цэргээс түүнийг амьдралыг салгаж үл болно. Тиймдээ ч таван хүүхдийнхээ дөрөвт хил гэдэг үг орсон нэр билэгшээн өгчээ. Түүний хүү Д.Хилийнжаргал тус ангид ажилладаг.
Модон тавилгаа гэрээт цэргүүдээс гадна зах зээлд нийлүүлэх зорилготой
Тус ангийн нэг нэрийн хуудас нь цэвэр модон тавилга. Энэ ангийн хилчид орчин үеийн хэв загвараар модон тавилга үйлдвэрлэж, турших үүрэгтэй. Үүнийгээ ч онц биелүүлж буй нь Үйлдвэрлэл технологийн бүлгийн Мужааны цехийнхний урласан хоол бэлтгэлийн болон гоо сайхны ширээ, ор, тосгуур, хувцасны шүүгээ зэрэг 10 гаруй төрлийн тавилгаас харагдана. “Хилийн харуул заставуудад модон эдлэл нийлүүлж байгаа учраас цэргийн гарын ая даахаар чанартай зүйл үйлдвэрлэдэг” гэж тус ангийн захирагч онцолсон. Уг цехийн мужаан, дэд ахлагч П.Ууганбаатар “Өнгөрсөн жилээс энд ажиллаж байна. Энэ хавраас отряд, заставын гэрээт цэргийн тавилга хийх захиалга авч, Сүхбаатар аймгийн Онгон сумын Бударын заставт 13 төрлийн 70 гаруй тавилга хүлээлгэн өгсөн. Хуш, нарс модоор бат бөх, чанартай тавилга хийж байна” гэлээ.
Халагдах тийзээ өвөртөлсөн 24 бор цэрэг
Хилийн инженер, техникийн 0252 дугаар тусгай ангийн усан оргилуурын дэргэд хэдэн бор цэрэг чулуун ширээн дээр даам тоглож буй нь содон. Ирэх сарын 10-нд халагдах тэд анги, хамт олондоо сэтгэл хоргодон буйгаа нуусангүй. Тэдний дунд эх орны баруун хязгаар буюу 2000 орчим км-ийн чанадаас татагдсан Ховд аймгийн Булган сумын хоёр цэрэг байв. Тэд ерөнхий боловсролын сургуулийн нэг анги төдийгүй энд ч адил албанд зүтгэж явна. “Цэрэгт гоё. Ядаж л өглөө эрт босож сурч байна. Ажлын өдөр өглөө бүр 06.00 цагт босож, гүйлт гимнастикаа хийдэг” гэж байлдагч Г.Самбуу нь ярьсан бол хал цэрэг болсон Б.Нацагдорж “Би айлын хоёр дахь хүү. Гэрээсээ хол алба хаая гээд энд ирсэн. Манай ангийнхан “Монгол цэргийн жавхаа” уралдаанд түрүүлсэн. Их баяртай байгаа. Нэг жилийн хугацаа хурдан юм аа. Хааяа гэр бүлийнхэндээ захиа бичиж, заримдаа дарга нараасаа зөвшөөрөл авч утсаар ярьдаг” гэлээ. Г.Самбуу цэрэгт татагдахаасаа өмнө МСҮТ-ийг цахилгаанчнаар төгссөн учраас энэ мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй байгаа бол Б.Нацагдорж их, дээд сургуульд сурна гэв.
300 гаруй төрлийн 1000 орчим номтой, өдөр тутмын сонин, долоо хоногийн сэтгүүл бүхий номын сангийн “эзэгтэй” нь Г.Цолмонтуяа. Тэрбээр энэ ангийн брэнд цөцгий амтагдсан боорцог, талхаар биднийг дайлсан болохоор түүнийг гал тогоонд л ажилладаг байх гэж бодсон минь эндүүрэл байж. Баярын жагсаалын үеэр ч гэрэл зураг аваад тун завгүй байсан. Эндхийн хүүхнүүд бүгд ийм “шидтэй” аж. Нөхрөө даган цагаан зээр мэт “нүүдэллэн” амьдрах тэд энэ ангийн ар талыг бат хариуцдаг нь илэрхий. Ангийн захирагч, хурандаа Ж.Дамдинбазар ахмадуудаа хүлээн авсны дараа “Баян-Өлгийн хилийн ангид захирагчаар ажиллаж байхад нь бичиг үсэг мэддэгүй ахлагчид олон байсныг ярив. Гэхдээ энэ нь хилчдийг муулсан гэсэн үг биш. “Хэдий бичиг үсэг мэддэггүй ч газар нутгаа арван хуруу шигээ танидаг. Өндөр уулын оройд хасах 50 хэмийн хүйтэнд ч хонины нэхий нөмрөөд л харуул манаандаа гардаг баатарлаг эрчүүд бичиг үсэг сурах ч хэрэггүй гэж” тэрбээр бахархан хэлсэн юм шүү. Үнэхээр ч хил манах үүргийг хэн хүссэн аавын хүү бус, тэвчээртэй, тэнхээтэй эрс л гүйцэтгэдэг биз. Цагаан сар, Улсын их баяр наадмаар тусгай захирамж авч, улсын хилээ хүч нэмэгдүүлэн хамгаалдаг тэд энэ баярынхаа өдрийг л хуруу тоолон хүлээдэг гэсэн. Ахмадаа хүндэтгэн, залуусаа урамшуулсан тэдний баяр, Монгол Улс амгалан тайван, энх тунх буйн баяр гэлтэй.
Ч.Болортуяа