2015 оны ээлжит бус чуулган өнгөрөгч баасан гаригт хаалтаа хийж, ирэх намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга З.Энхболд захирамжиллаа. Энэ удаагийн ээлжит бус чуулганыг нээсэн дэд дарга Р.Гончигдорж хаалтыг ч удирдсан.
УИХ-ын дарга З.Энхболд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын ассамблейн энэ оны намрын хурлын хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон тул дэд дарга нь орлов. Ээлжит бус чуулганаар Засгийн газрын зарим гишүүнийг томилж, Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, үндсэндээ зорилгодоо хүрснийг УИХ-ын удирдлагууд хэлж буй.
Ээлжит бус чуулганыг хаах үеэр дэд дарга Р.Гончигдорж “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, тогтоол гаргаснаар Өршөөлийн тухай хуулийн 4.1 болон долдугаар зүйл уг хуулиас хасагдсан. Тус хуулийн бусад заалтын дагуу өршөөл үзүүлэх ажиллагааг Өршөөл үзүүлэх комисс эрхлэн гүйцэтгэх болно” хэмээн мэдэгдсэн юм. Хэдийгээр өнгөрөгч пүрэв гаригаас Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн гэж байгаа ч хоригтой холбоотойгоор тус хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг намрын чуулганаар батлах тул олон хүнд хүлээлт үүсээд байна.
Энэ тухайд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Хэрэг нь шүүхийн шатанд байсан, торгуультай хүмүүс өршөөлд хамрагдаж байгаа. Шоронд ял эдэлж байгаа хүмүүсийг суллах аргагүй боллоо” хэмээн байр сууриа илэрхийлээд буй. Үнэхээр ч өнгөрөгч мягмар гаригт хоригийг хүлээж авсаны дараа УИХ-ын дарга ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн хуралтай холбоотойгоор ажлын хэсэг, Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг яаралтай батлахыг анхааруулж, гишүүд ч үүнийг дэмжсэн.
Гэсэн ч тийм зүйл болсонгүй, хоригийг дагалдах нэмэлт, өөрчлөлтийг ирэх намрын ээлжит чуулганд үлдээлээ. Шалтгаан нь Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан хийхэд гишүүдийн ирц хүрээгүйтэй холбоотой. Ээлжит бус чуулганыг хаахын өмнө, өглөө нь Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг хоёр ч удаа зарлахад гишүүдийн ирц хуульд заасан хэмжээнд буюу 50 хувьд хүрээгүйгээс гадна хаалтын хуралдаанд ч цөөхөн гишүүн оролцсон юм.
Үүнийг ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн хуралтай холбон үзэж болох ч тус арга хэмжээнд УИХ-ын дарга тэргүүтэй арав гаруй гишүүн оролцсон билээ. Хуулийн дагуу бол УИХ-ын намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-нд нээлтээ хийнэ. Арав хоногийн дараа эхлэх тус чуулганы салхийг Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр хагална.
Ц.Оюунбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг дээрх төслийг боловсруулахдаа Ерөнхийлөгч дахин хориг тавихаас аргагүй заалтууд тусгасан хэмээн зарим хуульч шүүмжилж байсан. Хоригоор таягдсан заалтуудыг зүс хувирган, дахин оруулж ирэх, эсэхийг ирэх чуулганаар шийдэх нь. Мөн Сонгуулийн болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн аль аль нь УИХ-ын даргын захирамжинд алга.
2015 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал:
1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
2. Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл;
3. Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл;
4. Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төсөл;
5. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төсөл;
6. УИХ-ын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;
7. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төсөл;
9. Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
10. Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
11. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
12. Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
13. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
14. Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
15. Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл;
16. Худалдааны тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
17. Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
18. Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
19. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
20. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
21. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төсөл;
22. Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл;
23. Хүүхдийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төсөл;
24. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төсөл;
25. Органик хүнсний тухай хуулийн төсөл;
26. Хог хаягдлын тухай хуулийн төсөл;
27. Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл.
Б.НОМИН