Сонгинохайрхан дүүргийн иргэн Д.Жингүү хар тарлан үүлдрийн үнээнээсээ 305 хоногт уургийн агууламж өндөртэй 5683 литр сүү саажээ. Дорнод аймгийн Дашбалбар сумын малчин Б.Бат-Эрдэнийн буриад омгийн хуц 94 кг жинтэй, 1.3 кг ноостой.
Сүмбэр үүлдрийн хонь 65 кг жинтэй, 1.1 кг ноос өгдөг бол орхон үүлдрийнх дунджаар 3.8 кг ноостой. Эдгээрээс гадна тал нутгийн цагаан хонь, залаа удмын нарийн ноолуурт цагаан ямаа, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын үзэмчин хонь зэрэг Монгол орны шилмэл мал өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатарт “цуглалаа”.
Зөвхөн таван хошуу мал бус, гахай, шувуу, нохой зэрэг амьтан ч “ирсэн” байв. Энэ бол жил бүр зохион байгуулдаг “Шилмэл мал” үзэсгэлэн. Манай мал аж ахуйн салбарын сүүлийн үеийн ололт амжилтуудыг уг арга хэмжээ харуулсан юм.
Бэлчээр хүрэлцээгүй болж, малчид цөөн, чанартай мал өсгөх шаардлага тулгарч, хүссэн хүсээгүй эрчимжсэн мал аж ахуй эрхлэх цаг ирсэн. Үүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн нэг үйл ажиллагаа нь уг үзэсгэлэн.
Манайхан малаа чанаржуулъя гэсэн ч гадаадаас өндөр үнэтэй үржлийн мал худалдан авах боломж хомс. “Шилмэл мал”-ыг зохион байгуулдаг болсноор ойроос, эх нутгийн байгаль, цаг уурт хэдийнэ зохицсон мал худалдан авах боломж бүрдүүлж, мал аж ахуй эрхлэгчдийн зардал, чирэгдэл багасчээ.
Өндөр ашиг шимтэй мал импортолсон, шинэ үүлдэр нээсэн аж ахуйн нэгжүүд “бүтээгдэхүүнээ” танилцуулж, сонирхсон хүмүүст арчилгаа, үржүүлгийнх нь талаар зөвлөгөө өгч байлаа.
Уг арга хэмжээний үеэр, Монгол оронд үржүүлж буй үржлийн шилмэл мал шалгарууллаа. Сонгинохайрхан дүүргийн XXI хорооны иргэн Б.Төмөрбаатарын хар тарлан үүлдрийн долоон настай үнээ сүүний чиглэлийн шилмэл хээлтэгч болов.
Уг үнээ саалийн 305 хоногт 8587 литр сүү өгсөн аж. Тэгвэл махны чиглэлийн шилмэл хээлтүүлэгчээр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэн Д.Батмэндийн сэлэнгэ үүлдрийн, 656 кг жинтэй бух шалгарсан юм. Ажлын хэсгийнхэн мал тус бүрт үзлэг, хэмжилт хийж, үржлийн болон эрүүл мэндийнх нь гэрчилгээний тодорхойлолтод үндэслэн үнэлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэн Ш.Мягмарын улаан буур болон Дорноговь аймгийн Эрдэнэ сумын иргэн Д.Эрдэнэжаргалын хүрэн ингэ мөн шилдгээр шалгарав. Мөн шилдгүүдийн тоонд 87 кг жинтэй, 4.8 кг ноостой орхон үүлдрийн хуц, Хэнтий аймгийн Галшар сумын малчин М.Төмөрбаатарын халтар азарга зэрэг багтлаа.
Өнгөрсөн онд шилмэл малаа сурталчилж борлуулсан малчид нийт 300 сая төгрөгийн орлого олсон гэнэ. Энэ удаа хэд болсныг одоогоор гаргаагүй ч уг үйл ажиллагааны цар хүрээ нэлээд өргөжсөн тул өмнөхөөс хавьгүй илүү гарна гэж салбарын яамныхан тэмдэглэв. ХХАА-н сайд Р.Бурмаа “Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна.
Засгийн газраас тодорхой бодлого, төсөл хэрэгжүүлж, 60 гаруй тэрбум төгрөг олгосны дүнд сүүлийн гурван жил манай аж ахуйн нэгжүүд гадаадаас сүү, махны чиглэлийн, ашиг шим өндөртэй, үржлийн 1000 гаруй үхэр авсан. Мөн сүүний чиглэлийн 200 гаруй ямаа импортолж, 6000 гаруй мал болгож үржүүлээд байна” гэлээ.
Малын үүлдэр угсааг сайжруулах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуйн яам, Малын удмын сангийн үндэсний төв санаачлан уг үзэсгэлэнг жил бүр зохион байгуулж буй. Өнгөрсөн жил малчид 675 шилмэл малтай ирж байсан бол энэ удаа хоёр дахин нэмэгдэж, 22 аймаг, нийслэлээс шалгарсан шилдэг үүлдэр, омгийн 1356 мал, амьтан оролцуулсан юм.
Үүнээс гадна мал аж ахуй эрхэлж буй хүмүүст зориулан хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, малын эм, био бэлдмэл, тэжээл үйлдвэрлэдэг, импортолдог 20 гаруй аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ сурталчлав. Дорнод аймгийнхан уг үзэсгэлэнд хамгийн олон шилмэл мал оролцуулж буйгаараа ялгарсан.
Ч.МӨНХЗУЛ