Мэдээлэл технологи, шуудан харилцаа холбооны газраас өнгөрсөн амралтын өдрүүдэд нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Энэ оны долдугаар сарын 15-наас аравдугаар сарын 5 хүртэл орон даяар аналоги телевизийн дахин дамжуулах станцуудыг үе шаттайгаар унтрааж байгаа.
Үүнтэй холбогдуулж нийт 381 сум суурин газраас 260-ынх нь төхөөрөмжийг бүрэн зогсоосон байна. Ирэх сар гэхэд тус төхөөрөмжийг дахин ашиглахгүй тул иргэд дуу, дүрсний өндөр чанартай нэвтрүүлгийг хоёр аргаар хүлээн авч үзэх боломжтой.
Нэгдүгээрт, хэрэглэгч өмнө ашиглаж байсан аналоги телевизээ солилгүйгээр нэмэлт “Сэт топ бокс” буюу хувиргагч төхөөрөмж суурилуулах.
Удаах сонголт нь хэрэглэгч зориулалтын “DVB-T2” стандарттай телевиз авч хуучин антенн ашиглан үзнэ.
“Отеро”, “Big chip”, “Тод инженеринг”, “DVB” ХХК, “Сэт топ бокс” төхөөрөмжийг борлуулах албан ёсны гэрээтэй. Баталгаат цэгээс худалдан авсан бол төхөөрөмжид нэг жилийн баталгаа олгож байгаа аж.
Мэдээлэл технологи, шуудан харилцаа холбооны газрын телевиз, радиогийн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Оюунцэцэг “Улсын хэмжээнд аналоги төхөөрөмжийг унтраах, тоон технологид шилжихтэй холбогдуулж, улсын сан хөмрөгөөс нийт 17 тэрбум гаруй төгрөг зарцуулсан.
Одоо хот суурин газар болон орон нутагт тоон системээр дамжуулж буй зургаан суваг гарч байна. Харин аравдугаар сарын 5-наас хойш орон нутагт 12, Улаанбаатар хотын хэмжээнд 14 гаруй телевизийн хөтөлбөр олон нийтийн хүртээл болно” гэв.
А.ТҮМЭННОМИН