Хараа булаам тоглоом эгнүүлэн өрсөн тавиуруудын зүг хамаг анхаарлаа хандуулахдаа жаалхан үрс минь хичээлийн шинэ жилийн эхний өдөр уйлах ч сөхөөгүй ангидаа хоцордог. Харин маргааш өглөөнөөс эхлэн жинхэнэ тулаан эхэлнэ. Ээжийнхээ энгэрт эрхлэнхэн торнисон тэднийгээ цэцэрлэгт нь дасгах учраа олохгүй гайхширч, арга барагдаж яваа бол Америкийн хүүхдийн сэтгэл зүйчдийн зөвлөгөөг хүргэе.
Үеийнхэн нь "Баяртай" хэмээн далласаар үлдэж байхад үр тань "Намайг битгий орхиоч" хэмээн цурхирч байсан ч халшрах хэрэггүй. Энэ нь бага насныханд түгээмэл ажиглагддаг айдас. Эл айдсыг нь даван туулахад эцэг эхчүүдийн багахан чармайлт, багшийн тус хэрэгтэй.
Эхлэлийг зөв тавь
Багачуудын олонх нь огт танихгүй орчинд, хэзээ ч уулзаж байгаагүй хүмүүсийн дунд үлдээсэнд нь гомдож тунихдаа, айж түгшихдээ уйлж түүнийгээ илэрхийлдэг. Томчууд ч шинэ ажилд орж, огт танихгүй хамт олон дунд орохдоо тавгүйтэх нь цөөнгүй шүү дээ. Тиймээс боломжтой бол цэцэрлэгт өгөхөөс өмнө хүүхэдтэйгээ цуг цэцэрлэгт очиж, танилцах бяцхан аялал хий.
Дурсгалын зүйл
Харахад л ээжийг нь санагдуулам алчуур, зүүлт, бугуйвч гэх мэт зүйлсээ бяцхан үрдээ хадгалуулаарай. Гаргаж ирэх бүрт ээжийнх нь дуртай сүрчиг сэнгэнэж, ээж нь ойрхон байгаа мэт сэтгэгдэл төрөхөд хүүхдийн түгшсэн сэтгэл тайвширдаг. Эсвэл бүр тусгайлан зүүлт авч бэлдсэн ч болно. Ээжийг нь сануулах зүүлтээ үнсээд "Ээж нь одоо энэ зүүлтийг хайраараа дүүргэчихлээ" гэж хэлсэн ч болно. Сэтгэл нь тавгүйтэж, гэрээ, ээжийгээ санасан үедээ түүнийгээ гаргаж илж, үнсээд л ээжийнхээ халуун хайрыг мэдэрч тайвшрах болно.
Зөв дохио өгөөрэй
Ихэнх тохиолдолд эцэг эхчүүд хүүхдийнхээ нүдийг хариулан цэцэрлэгийн хаалгаар гарч оддог. Харамсалтай нь энэ нь таны гаргадаг хамгийн том алдаа. Учир нь хамгаас хайртай аав, ээжийгээ хайхад тэд нь хэдийнэ өөрийг нь орхин явсаныг мэдээд хүүхдүүд бүр ч ихээр ганцаарддаг. Түүний оронд чанга тэвэрч, хацар дээр нь үнсээд "Удахгүй уулзъя", "Ээж нь эрт ирж хүүгээ авна" гэж хэлэх нь зүйтэй.
Эсвэл бүр биеийн хэлээр зоригтой хөгжилтэй байгаарай гэж хэлсэн ч болох. Энэ нь түүнд "Өнөөдөр миний үрийн хувьд гайхалтай сайхан өдөр байх болно" хэмээн сануулж буй хэрэг болох юм.
Зургаа үлдээ
Гэр бүлийнхнийхээ зургийг өгөх бас нэгэн арга бий. Аав ээж, ах, эгч гээд хайртай дотны гэр бүлийнх нь гишүүдийн зураг халаасанд нь байвал хүссэн үедээ гаргаж хараад сэтгэл нь тайтгардаг. Гэрийнхнийхээ зургийг хараад сэтгэл нь бүр хямарна гэж эмээх хэрэггүй. Танил царай, дотно төрх, тун удахгүй тэдэнтэйгээ уулзана гэх бодол нь тэднийг тайвшруулдаг. Харин энэ үед багш нь удахгүй гэрийнхэн нь ирнэ гэдгийг сануулбал бүр ч үр дүнтэй.
Хэвшсэн үйлдэл
Саяхан л багшийгаа хөтлөн анги руугаа ордог байсан охин тань гэнэтхэн "Баяртай" гэж хэлэхтэй зэрэгцэн уйлж, мэгшин сэтгэл зовоож эхэлсэн үү? Ихэвчлэн ямар нэг өөрчлөлт гарсан үед хүүхдүүд ийм байдлаар бухимдлаа илэрхийлдэг. Хайртай багш нь амралтаа авч, өөр багшаар солигдох гэх мэтчилэн гэнэтийн өөрчлөлтүүд тэднийг тавгүйтүүлж орхидог.
Тиймээс өглөө бүр хийдэг нэг хэвшсэн зүйлтэй байх нь түүнийг тайтгаруулдаг. Өглөө бүр та хүүхэдтэйгээ сургуульд орохын өмнө тоо тоолж сурсан байх ёстой хэмээн тоо зааж өгөх гэх мэтээр нэг хэвшсэн зүйл хийдэг болчих. Багш нь солигдон сэтгэл нь тавгүйтэх үед огт өөрчлөгдөхгүй үлддэг зүйл бас байдгийг сануулах энэ хэвшсэн үйлдэл тань сануулах болно.
Аль болох гадагш их гар
Хүүхдээ оройн цагаар дотнын хүмүүстээ түр үлдээгээд гудамжны үзүүр хүртэл нөхөртэйгөө алхсан ч болно. Эсвэл нохойгоо салхилуулж, хамтдаа хажуугийн мухлаг орох гэх мэтээр оройн цагаар 10-20 минутын зугаалга хийх нь хүүхдэд тань ч тустай.
Ингэж дасгаснаар та хоёрын хувцаслаж, хаалгаар гарч явах тань цочирдмоор зүйл биш болон аажмаар дасаж эхэлнэ. Түүнчлэн аав ээж хоёр намайг үлдээх бүртээ олон цагаар явдаггүй гэдгийг ойлгодог болно.
Түүнд ажил даалга
Орой гэхэд амжуулсан байх ёстой олон ажилдаа түүртэн танд хүүхдээ санах ч зав гардаггүй биз. Тэгвэл үүний адилаар хүүхдээ ч бас аль болох завгүй байлга. Үүнийг харин багштай нь хамтран хийх хэрэгтэй. Хүүхдэд тань эцэг эхчүүдийг гарах бүрт хаалга хаах, ангидаа ирж буй хүүхдүүдийг угтах гэх мэт хариуцлагатай чухал алба үүрүүлчихвэл өөрийгөө цэцэрлэгтээ тун чухал байр суурьтай хүн гэдгийг мэдэрч, таньгүйгээр өдрийг өнгөрөөхөд нэмэр болдог.
Төстэй түүхүүдээс уншиж өг
Долоон ишигтэй ямаа өдөржин гадуур яваад үдэш нь ирдэг үлгэр шиг ээж эсвэл аав нь эргээд л ирдэг түүхүүдээс сонгон хүүхдэдээ уншиж өгөөрэй. Ингэснээр тэд ээж, аавгүйгээр өдрийг өнгөрүүлдэг цорын ганц хүүхэд биш гэдгээ ойлгоно. Өөрийнх нь мэдэх түүхтэй зүйрлэн "Би долоон ишигний ээж шиг эргээд л ирэх болно" хэмээн хэлэхэд хүүхдүүдэд илүү итгэл үнэмшил төрдөг байна.