Шүүхийн шийдвэрийг сонсов. 21.55 цаг
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж, өчигдөр 21.53 цагт шийдвэрээ гаргалаа. Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж шүүх хурлыг ШШГЕГ-ийн харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хийхийг эрс эсэргүүцэн, гэм буруу нь тогтоогдоогүй байхад хурлыг шоронд биш, шүүхийн танхимд олон нийтэд нээлттэй явуулах ёстой гэсэн байр сууриа илэрхийлж байв.
Л.Гансүх ч шүүх хурлыг ШШГЕГ-ийн харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хийвэл өлсгөлөн зарлахаа мэдэгдэж байлаа. Тиймээс тэдний хүслээр шүүх хурлыг Баянзүрх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нээлттэйгээр явуулсан юм. 11.00 цагийн үед улсын яллагч яллах дүгнэлтээ танилцуулж, Л.Гансүхэд тав, Б.Мөнгөнтуяад 7.5, Н.Даваахүүд долоон жилийн ял оноох санал гаргасан. Харин үүний дараа өмгөөлөгчид санал, шүүмжлэлээ хэлсэн юм.
Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж “Шинжээч нар тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэдгийг баталж чадсангүй. АТГ-аас шинжээч нарыг яаж томилсон нь тодорхой бус байна. Мөн тус газар өөрсдийнхөө нягтлан бодогчоор тооцоо судалгаа хийлгээд, түүнийгээ аудитод мөнгө өгч дүгнэлт гаргуулсан. Энд хүний амь амьдралын асуудал, олон тэрбум төгрөг ярьж байна шүү. Прокурорууд аа, ингэж болохгүй. Та нарын ард АТГ-ынхан байна.
Жин нь хөнгөрсөн нүүрсний зөрүүг энэ хүмүүс нэхээд байна. Энд хэн хохирсон юм бэ. Хэн ч хохироогүй. Одоо харин иргэд хохирох гэж байна. Миний үйлчлүүлэгч Л.Гансүх нэг ч төгрөг хувьдаа аваагүй. Энд гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй учраас цагаатгаж өгнө үү. Төр уг хөтөлбөрт зээл өгөөд буцаагаад авсан” гэв. Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахын өмнө шүүх хуралдааны гол субъектүүдийн нэг болон оролцож буй иргэдийн төлөөлөл үгээ хэлж, “Бид Л.Гансүх нарыг буруугүй гэж дүгнэж байна” гэсэн юм.
16.20 цагийн үед шүүгдэгч нар үгээ хэллээ. Шүүгдэгч Л.Гансүх “Би улс төрийн хэлмэгдүүлэлтийн золиос болж байна” гэсэн бол, Б.Мөнгөнтуяа “Намайг Гансүхийн эхнэр Уранчимэгийн дүү гэж цоллон хамаатуулж яллаж байгаа. Тэр гэрч энд түмний шившиг болоод л зогссон шүү дээ. Бүх нотлох баримтаа авчирч байгаад намайг улайлгаж чадахгүй байна. Өөрсдөө улайх учраас тэр. Шинжээчийн дүгнэлт чинь худлаа зохиомол шүү дээ.
Хоёр компанийн ашгийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас асуугаад байсан. Надаас асуугаагүй. Яагаад гэвэл Батжаргал прокурор асууж байгаа зүйлээ ойлгоогүй, мэдэхгүй байна. Та нар намайг 6-8 сар хорьсондоо ичээд байгаа бол уучлалт гуй. Ингэж худлаа битгий ялла. Хэлмэгдүүлж байгаад уур хүрч байна. Үнэн шударгаар шүүж, нэр төрийг минь цагаатгаж өгнө үү. Долоон жил, таван сарын ял сонсоод сууж байгаадаа үнэхээр итгэхгүй, гомдолтой байна” гэсэн юм.
Олон нийт тус шүүх хурлыг “Eagle”, “TV9” телевизээр шууд хүлээн авч үзсэн болохоор өөр өөрсдийн дүгнэлтээ хийсэн нь лавтай. Ард иргэдийг төлөөлөн шүүх хуралд оролцож буй иргэн хүртэл энэхүү шүүх хуралд эхнээс нь дуустал сууж, үйл явдлыг нүдээр үзэж чихээр сонссоны хувьд “Бид Л.Гансүх нарыг буруугүй гэж дүгнэж байна” гэж хэллээ. Энэ шүүх хурлыг телевизээр шууд хүлээн авч үзсэн олон нийт ч ийм дүгнэлт хийж, цахим сүлжээгээр түүнийгээ илэрхийлцгээж байна.
Үнэн, худлыг дэнслэх учиртай шүүгчид зургаан цаг орчим зөвлөлдсөний эцэст дүнгээ гаргалаа. Улмаар Л.Гансүхийг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид 4.5 жил хорих ял оноож, төрийн алба хаах эрхийг дөрвөн жилээр хассан бол, Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарын төрийн алба хаах эрхийг хоёр жилээр хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн буюу 19.2 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргалаа. Мөн шүүгдэгч нараас хоёр тэрбум төгрөг гаргуулж, “Багануур” ХХК-д өгөхөөр болов.
Ч.БОЛОРТУЯА