Лифтнээс гарч хоёр гурав алхтал араас нь нөгөө залуу гэнэт үсрэн гарч ирээд цүнхийг нь булааж аваад, явган шатаар уруудан алга болов.
Оройн цагаар харанхуй орцонд орж, цахилгаан шатанд суух нь цаанаа л нэг эвгүй. Тэгвэл ихэнх орон сууцыг камержуулснаар оршин суугчдын сэтгэл бага ч гэсэн амарсан гэхэд хилсдэхгүй.
Хяналтын камертай болсноос хойш орцондоо дээрэмдүүлсэн гэх хэрэг гарах нь ч харьцангуй буурч байлаа. Гэтэл сүүлийн нэг сар гаруй хугацаанд шөнө, оройн цагаар орц, цахилгаан шатанд дээрэмдүүлэх явдал эргээд нэмэгдэж эхэлжээ. Яагаад хяналтын камер байсаар атал ингэж зоригтой дээрэм хийж буйг хүмүүс гайхах болов.
Орц хонгилд байрлуулсан ихэнх хяналтын камер тухайн цаг мөчид л харж, хянана уу гэхээс бичлэгийг ухрааж үзэх боломжгүй байдгийг гэмт этгээдүүд аль хэдийнэ олоод мэдчихэж. “Мэдлэг”-ээ амьдралд хэрэгжүүлж, орц хонгилд иргэдийг дээрэмдэн, эд зүйлийг нь булааж эхэлжээ. Тэд хүүхэд, эмэгтэйчүүдийг оройн цагаар орц руу нь дагаж ороод, цахилгаан шат хүлээн буруу харж царайгаа харуулахгүй зогсдог аж.
Ингээд цахилгаан шатанд ороход нь хохирогчид араас нь орж мөн буруу харан зогсдог. Ард нь гарсан дээрэмчин хохирогчийн хаана нь юу байгааг сайтар ажиглаж авдаг юм байна. Цахилгаан шат хүрэх газраа зогсож, хохирогчийг буухад араас нь очоод онилж авсан эд зүйлээ булаагаад зугтдаг гэнэ. Яг ийм хэрэг нийслэлд хэд хэдээрээ бүртгэгджээ. Жишээлбэл, энэ сарын 4-нд Баянгол дүүргийн иргэн, 64 настай эмэгтэй гэртээ орохоор байрныхаа орц руу 20.00 цагийн үед орсон гэнэ.
Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 12
дугаар байрны цахилгаан шатны камер
Тухайн үед орцны гэрэл асаагүй байсан аж. Эмэгтэйг цахилгаан шатанд суух үед цамцныхаа малгайг дарж өмссөн нэг залуу түрүүлэн орж зогссон байна. Элдэв юм бодолгүй өнөөх залуу руу нуруугаа харуулан, урагшаа хараад зогсчээ. Буух давхартаа ирж, лифтнээс гарч хоёр гурав алхтал араас нь нөгөө залуу гэнэт үсрэн гарч ирээд цүнхийг нь булааж аваад, явган шатаар уруудан алга болов. Дээрэмдүүлнэ чинээ санаагүй эмэгтэй цахилгаан шатанд суухдаа тэр залуугийн царайг ч харж амжаагүй аж.
Ингээд Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэст өргөдөл өгч, хэргийг нь шалгаж эхэлсэн байна. Цагдаа нар хэргийг нь шалгах явцад хохирогч эмэгтэй байрны дотор, гадна байрлах камерын бичлэгийг шалгаж өгөхийг хүсчээ. Гэтэл “Камерын бичлэг хадгалагдаж үлддэггүй. Тухайн үедээ л ажигладаг” гэх хариулт өгсөн байна. Яг ийм камерийн системийг нийслэлийн дүүргүүдэд хэд хэдэн хувийн компани байрлуулж байгаа аж. Тэдний нэг нь “Happy” ХХК юм байна.
Тус компанийн эрх зүй, борлуулалт хариуцсан менежер Б.Гантулгатай холбогдон зарим зүйлийг тодрууллаа.
-Танай компани хаанаас санхүүжилтээ авч орон сууцны лифтэнд хяналтын камер суурилуулж байгаа юм бэ?
-Бид тухайн хорооны Сууц өмчлөгчдийн холбоотой гэрээ байгуулан камераа байрлуулж байгаа.
-Камерийн бичлэгийг ухрааж үзэж болох уу. Хэд хоногийн бичлэг хадгалдаг вэ?
-Ер нь бол бидэнд нэн даруй л хандах хэрэгтэй. Хоёр хоногийн бичлэгийг л хадгалах байх.
-Хэрвээ иргэд бичлэгээ ухрааж үзье гэвэл хаана хандах хэрэгтэй вэ?
-Хяналтын камерийн бичлэгийг үзэхийн тулд цагдаагийн байгууллагын тодорхойлолт авч ирэх хэрэгтэй. Тэр тодорхойлолтоор манай компанийн байран дээр ирж шүүлгүүлэх байх даа гэв. Үнэндээ энэ хүн “хоёр хоног л хадгална” гэж хэлэхдээ ч өөртөө итгэлтэй биш, хариултаа булзааруулж хэлснийг дурдах хэрэгтэй болов уу.
Иргэд харанхуй орцонд дээрэмдүүлчихээд цагдаагийн байгууллагад өргөдөл өгнө. Үүнийг мэдээж тэр дор нь шийдэхгүй. Гомдлыг хүлээж авна, хариуцсан хэсгийн байцаагчид нь цохно. Үүнд дор хаяж нэг өдөр шаардагддаг. Дараа нь хариуцсан хэсгийн байцаагч нь өргөдлөө хүлээж аваад хохирогчийг дуудаж тайлбар авч байж прокурорын байгууллагаас камер шүүж үзэх зөвшөөрөл авна.
Ингэсээр байтал нөгөө хоёр хоног нь дуусчихдаг. Тэгэхээр ийм камерийн хэрэг байна уу. СӨХ-той гэрээ хийсэн юм чинь оршин суугчид л төлбөрийг нь хийж байгаа. Дараа нь ямар ч хэрэг болохгүй камерт иргэд мөнгө төлж байна гэсэн үг. Өөр нэг жишээ дурдъя.
Энэ сарын 5-ны 02.00 цагийн үед Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байх нэгэн байрны орцонд 53 настай эрэгтэйг мөн л цахилгаан шатнаас гарч явахад үл таних этгээд дээрэмдэж, гар утсыг нь булаажээ. Түүнчлэн энэ өдрийн 15.00 цагийн үед Баянзүрх дүүргийн долдугаар хорооны оршин суугч эмэгтэй Э байрныхаа орцонд гар утас, түрийвчээ булаалгасан хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж буй юм байна.
Дээрх камер энэ дэлгэцийг хамгаалдаг гэж үү
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, ахмад Д.Оюун “Сүүлийн үед байрны орцонд дээрэм, булаалтын хэрэг гарах нь нэмэгдэж байна. Энэ оны эхний найман сарын байдлаар нийслэлд Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйл буюу Бусдын эд хөрөнгийг булаах гэмт хэрэг 137, мөн хуулийн 147 дугаар зүйл буюу Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг 303 бүртгэгдсэн байна.
Хэдийгээр орон сууцнууд хяналтын камертай болж байгаа ч энэ нь гэмт хэрэг гарахгүй гэх баталгаа болж чадахгүй. Иймээс иргэд шөнө оройн цагаар ганц нэгээрээ явахдаа анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Цахилгаан шатанд хань татаж суусан хүн чинь таныг “олз” гэж харж байж болзошгүй” гэж ярив. Өчнөөн мөнгө зарж хийсэн хяналтын камер нь ихэвчлэн пицца захиалгын үйлчилгээний реклам явж байдаг жижигхэн дэлгэцээ хянах үүрэгтэй гэж үү.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлж, хэрэг гарсны дараа мөрдөн байцаалтад нотлох баримт болж чадахгүй л юм бол энэ камер ердөө л гоёл чимэглэл төдий болох нь. Одоо үүний сул талыг дээрэмчид мэддэг болчихсон байна. Иймээс камерын системдээ шинэчлэлт хийж стандарт тогтоон, дор хаяж нэг сарын бичлэгийг хадгалдаг болгох хэрэгтэй.
Цагдаагийн байгууллага ч ийм шаардлага тавих ёстой. “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэдэг дээ. Нэгэнт хөрөнгө зараад хийчихсэн ажлаа илүү боловсронгуй болгочихвол хаана хаанаа хэрэгтэй байлтай.
Х.АЗЖАРГАЛ