УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг баталлаа. Хууль ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол улсад хүчин төгөлдөр хэрэгжих юм. Тодруулбал, хүүхэд харах үйлчилгээнд 56 мянган хүүхдийг хамруулахад 60 тэрбум төгрөг зарцуулагдана. Уг 56 мянган хүүхдийг 100 хувь цэцэрлэгт хамруулах зорилт тавьж, тэдэнд хүрэлцэхүйц цэцэрлэг барьж, урсгал зардлуудыг нь төсвөөс бүрэн шийдэхэд 600 тэрбум төгрөг зарцуулагдана гэсэн тооцоо гарчээ. Харин эцэг эхэд нь харуулах зорилгоор цалинжуулах хэлбэр лүү шилжүүлснээр 130 тэрбум төгрөг шаардагдах аж.


Нэг хүүхэд харагчид ногдох хүүхдийн тоо тав хүртэл байх, хүүхэд харах нэг байранд байрлах хүүхдийн дээд хязгаар 15 хүртэл байх, хүүхдэд аливаа хэлбэрийн зодуур, дарамт үзүүлэхгүй, хүүхдэд өдөрт 60 минутаас дээш хугацаагаар цахим хэрэгсэл ашиглуулах, зурагт үзүүлэхийг хориглоно зэрэг олон зүйл заалтыг чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэн. Мөн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулиар хүүхэд харагч нь тусгай сургалтад хамрагдаж, эрх авна. Мөн сэтгэл санаа, бие бялдрын ямар нэгэн гаж хөгжил, сааталгүй, 18-65 насны Монгол Улсын иргэн байхаар хуулийн төсөлд тусгагдсан байна. Тиймээс тус хуулийн хэрэгжилтэд зориулж загвар төвийг дахин сэргээн засварлаж байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээс тодрууллаа.
-Хүүхэд харах үйлчилгээний хуулийн хэрэгжилтийг хангах загвар төвийн үйл ажиллагааг ирэх сарын 01-нээс явуулж эхэлнэ гэсэн. Тэгвэл өнөөдрийн байлаар энэ төрлийн үйлчилгээ явуулдаг хэчнээн байгууллага байгаа вэ. Хэр шаардлагатай гэж үзэж байна вэ?
-Энэ хаврын чуулганаар Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг батлан гаргасан. Энэхүү хууль нь ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн хэрэгжих ёстой. Тиймээс бид тус төвийг хэрхэн байгуулж болох вэ гэдэг загвар төвийг байгуулаад байгаа юм. Тус загвар төв нь Сонгинохайрхан дүүргийн аравдугаар хороонд байрладаг. Тэнд дэд бүтэц огт хөгжөөгүй. Жишээлбэл, халуун ус, ариун цэврийн шугам хоолой, халаалт гэж байхгүй. Өөрөөр хэлбэл, дэд бүтэц хөгжөөгүй газар Хүүхэд харах үйлчилгээний төвийг хэрхэн байгуулж болох вэ гэдгийг үзүүлэхийн тулд загвар төвийг нээсэн.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн аравдугаар хороо буюу гэр хороололд 150 хүүхдийн цэцэрлэгтэй, гэтэл 700 гаруй сургуулийн өмнөх боловсролд хамрагдах ёстой хүүхэд байдгаас 400 орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байгаа. Тиймээс загвар төв болгож байгуулсан 60 м.кв талбайтай, гурван тасалгаатай байшинг сарын 350 мянган төгрөгөөр түрээсэлж, гурван ажилтан /ахлах багш, туслах багш, тогооч/, 15 хүүхдийг хүлээж авах хүчин чадалтай юм.


-Эцэг эхчүүдээс сард хэдэн төгрөг шаардагддаг байсан бэ?
-Загвар төвд явж байсан 15 хүүхдийн эцэг эх тус бүр 50-70 мянган төгрөг төлдөг байхад төвийн үйл ажиллагааг бүрэн явуулах боломжтой байсан.
Мөн түүнчлэн Хүүхэд харах үйлчилгээний загварын төвд гадаад, дотоод орчинд тус бүр долоон сая, харин тавилгад зургаан сая төгрөгийн хөрөнгө оруулалт оруулах юм байна. Үүнээс гадна сард багш, ажилтан тус бүрт 400 мянган төгрөгийн цалин олгох бөгөөд ингэснээр ажилгүй иргэд ажилтай, орлоготой болох боломж нээгдэж байгаа юм байна.








