Гэмтлийн эмнэлгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус төвийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Бат-Оргилыг томиллоо
ГССҮТ-ийн захирлын суудал “чөтгөртэй” юм болов уу гэсэн бодол эрхгүй төрөв. Эсвэл шинээр томилогдсон Эрүүл мэндийн сайдууд өөрийн хүнээр энэ байгууллагыг толгойлуулах гэж улайрдагт учир байна уу, бүү мэд. Ямартай ч Гэмтлийн эмнэлгийн захирлын суудал дахиад л эзгүйрлээ. Өмнөх Эрүүл мэндийн сайд Н.Удвал 2013 оны есдүгээр сард өөрийн хүнээ ногоон гэрлээр тус төвийн даргаар томилсон гэж тухайн үед эмч, ажилтнууд нь эрс эсэргүүцсэн.
Үүний уршгаар ГССҮТ-д багагүй “дайн” дэгдсэнийг уншигчид санаж буй биз ээ. “Ачтан элит” эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан Ц.Энхбаяр ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр тус төвийн дарга болонгуутаа “Авлига, хээл хахуульд идэгдсэн эмч нартай тэмцэнэ, халаад өгнө” хэмээн “сэлэм” эргүүлж, эмч нараа толгой дараалан халж, оронд нь учраа мэдэхгүй хүмүүсийг томилсноор эцэст нь энэ “дайны” хөлд эрдэнэт хүмүүний амь эрсэдсэн гашуун түүх бийг эргэн сануулъя.
Шууд утгаараа биш ч эмч, ажилтнууд ажил хаяснаас энэ бүхэн үүдэлтэй нь үнэн. 2013-2014 онд явуулсан Гэмтлийн эмнэлгийн захирлын сонгон шалгаруулалтын дүнд Хавдар судлалын үндэсний төвийн захирал асан А.Мөнхтайваныг томилсон ч удалгүй энэ албыг хашихаас татгалзсан. Тухайн үед тэрбээр өргөдөлдөө эрүүл мэндийн шалтгаанаар гэсэн байсан нь ч эргэлзээтэй.

Хамгийн сүүлд буюу өчигдөр ажлаа хүлээлцсэн гавьяат эмч З.Мэндсайхан тус төвийн даргаар жил гаруй хугацаанд ажилласан юм. Өнгөрсөн пүрэв гаригт түүнийг ЭМСЯ-ны сайд нарын зөвлөлийн хурлаар оруулж, хийсэн ажлыг нь үнэлэхэд 67.7 хувь буюу D үнэлгээ авчээ. “Асуудал бишидсэнийг мэдсэн З.Мэндсайхан халагдах өргөдлөө өгсөн” гэж салбарын яамныхан мэдэгдэв. Сайддаа хандсан түүний ажлаас халагдах өргөдөлд “Эрүүл мэндийн бодлого ноцтой алдагдаж, цаашид тэвчих аргагүй болж байгаа тул ГССҮТ-ийн ерөнхий захирлын албан тушаалаас чөлөөлж өгнө үү” гэсэн байв.
Энэхүү өргөдөл нь цахим ертөнцөд тарснаар эрүүл мэндийн салбар олноос багагүй жавтий хүртээд буй. Өчигдөр биднийг ГССҮТ-д очиход хэвлэл мэдээллийнхэн цугласан, хажуугаар нь тус төвд хэрэгжүүлж буй Монгол, Францын Засгийн газар хоорондын “ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн үйлчилгээг сайжруулах” төслийн зургаа дахь удаагийн сургалт эхэлчихсэн хөл, толгой нь мэдэгдэхгүй бужигнаж харагдсан.
Гэмтлийн эмнэлгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус төвийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Бат-Оргилыг томилжээ. Тэрбээр “Өмнөх захирал З.Мэндсайханыг Авлигатай тэмцэх газраас шалгаж буй гэж яриад байна. Энэ нь худлаа. АТГ төрийн байгууллагуудыг шалгадаг хуваарийнхаа дагуу манайхыг шалгасан. Захирлын тухайд ганц нэг зөрчил илэрсэн, түүнийгээ арилгасан гэж дуулсан. Өөр мэдэх юм алга” гэж ярив.
АТГ-аас ГССҮТ-ийг шалгахад З.Мэндсайхан нь хувьдаа “Монхимо” ХХК-тай, үүндээ ясны сийрэгжилт, ясны олон удаагийн хугарлын шинжилгээг төлбөртэй авч байсан нь илэрсэн юм байна. Гэтэл эдгээр шинжилгээг Эрүүл мэндийн сайдын тушаалаар ГССҮТ-д үнэгүй хийдэг аж. Түүнчлэн гадаадын иргэдэд 29.000-1.892.000 төгрөгийн төлбөртэй эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байсан нь Эрүүл мэндийн сайдын 2014 оны 233 дугаар тушаал, өөртөө 1.708.507 төгрөгийн урамшуулал олгосон нь Засгийн газрын 150 дугаар тогтоол, Шинэ жилийн баяр тэмдэглэхээр төсвөөс 3.430.000 төгрөг гаргасан нь Засгийн газрын 73 дугаар тогтоолыг тус тус зөрчсөн үйлдэл болжээ.
Гэмтлийн эмнэлэг жилд 88 мянган хүнд яаралтай тусламж үзүүлдэг. Үүний 22 мянга нь амбулаториор үзүүлдэг бол 17 мянга нь хэвтэн эмчлүүлдэг, 5000-7000 хүнд мэс засал хийдэг улсын онцгой объект. Эрх мэдэлтнүүд ашиг сонирхлын зөрчлөөсөө болоод түүгээр оролдохгүй бол сайн сан. Бас ГССҮТ-ийн эмч, ажилтнууд ажил хаяад сурчихсан байдаг.
Удахгүй Төрийн албаны салбар зөвлөлөөс тус төвийн захирлыг сонгон шалгаруулна. Нэр дэвшигчдийн жагсаалт эхнээсээ тодорч байгаа бололтой. Тэр үед ажилтнууд нь энэ ч, тэр нь ч “Таалагдахгүй байна” гээд “босоод” ирэх вий гэхээс яс хавталзана. Энэ бүхний эцэст хэн хожих юм. Мэдээж ард иргэд, өвдөж зовсон хэд нь л хохирдог шүү дээ. Салбарын сайд Г.Шийлэгдамба тус төвийн үйл ажиллагааг доголдуулалгүйгээр асуудлыг яаравчлан шийднэ гэж найдъя.