Оюутан залуус нэгдэн өнөөдөр номын парад хийн өөрөө өөрсдийн номын сангаа бүтээх болно хэмээн мэдэгдлээ. Өнөөдөр оюутан залууст чөлөөтэй ном унших танхим ховор байдаг бөгөөд номын архив ч хангалттай байдаггүй аж. Үүнээс гадна сургуулийн номын сангуудын анги танхим зай багатай, тохь тухгүй гэдгийг ч оюутнууд удаа дараа хэлж байсан юм. Тиймээс ч МУИС-ийн оюутны зөвлөлөөс тус арга хэмжээг санаачлан хэрэгжүүлж, оюутан бүрийг хамруулахаар зорьж байгаа юм байна.
Энэ талаар МУИС-ийн оюутны холбоо, оюутан конгрессын гадаад харилцаа, хэвлэл мэдээллийн албаны дарга С.Тэнгэрээс тодрууллаа.
-Оюутнууд ном хандивлаж байгаа гэсэн. Энэхүү номын парадыг хаанаас зохион байгуулж байгаа вэ?
-МУИС-ийн Оюутны холбоо оюутан конгресс, “Номтой нөхөрлөе” клуб, Данделион ресторантай хамтран Данделион рестораны дэргэдэх нэгэн кафег тохижуулаад, “Номтой нөхөрлөе” клубын нэрэмжит “Book cafe”-г байгуулж байгаа. Өнөөдрийн арга хэмжээний хувьд оюутан залуус өөрсдөө номын парад хийгээд, өөрсдийнхөө номын санг өөрсдөө бүтээх юм. Товчоор хэлбэл, өөрсдөө оюуны асар том хөрөнгө оруулалт хийж байгаа гэж ойлгож болно.
Мөн түүнчлэн өнөөдөр ирсэн оюутан бүрт талархлын бичиг өгнө. Түүгээр тус ресторанд нэг удаадаа 10 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх эрхтэй болох юм.
-Номын парадад нийт хэчнээн оюутан хамрагдаж байгаа вэ. Зөвхөн МУИС гэлтгүй бусад сургуулийн оюутнууд оролцож болох уу?
-Энэхүү арга хэмжээнд нийт 100 орчим оюутан оролцож, МУИС-ын Төв байр буюу I байрнаас Данделион ресторан хүртэл парад хийх болно. Мөн өөр сургуулийн оюутнууд ч оролцох бүрэн боломжтой.
МУИС-ийн Байгалийн ухааны сургуулийн II курсын оюутан П.Хишигдэлгэр - Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулагдсан ийм аян явагдаж байгаад маш их баяртай байна. Есдүгээр сарын 01-нээс одоог хүртэл сургуулиудын номын сан нээгдээгүй байгаа учир бидэнд чөлөөтэй ном уншиж болох газар дутагдсаар байгаа. Тиймээс өөрсдөө номынхоо фондыг үүсгээд, тохилог орчинд ном унших боломжийг олгож байгаа юм. Хамгийн гол нь бид өөрсдөө хүссэн номоо хандивлаад, бусдад тэр номыг унших боломжийг олгож байгаад баяртай байна.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн II курсын оюутан Б.Золжаргал – Ном хандивлаад, эргээд өөрсдөө хүссэн үедээ уншиж болох боломжтой болж байгаа нь үнэхээр сайн хэрэг гэж бодож байна. Өнөөдөр бидэнд тохилог тухтай орчинд ном унших боломж ховор байдаг. Тэр ч бүү хэл сургуулиудын номын сангийн хүрэлцээ муу, анги танхимд багтахгүй байх тохиолдол олон гардаг. Эдгээр асуудлыг нэг нэгээр нь шийдвэрлэж өгч байгаа болохоор баяртай байна.