Төрийн ордны өмнө өнөөдөр анх удаа 285 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний их найрал хөгжим тоглолтоо хийлээ. Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Соронзонболдын “Хубилай хааны ордны их бүрээний дуудлага”, хөгжмийн зохиолч М.Бирваагийн “Их ёслол хүндэтгэлийн бүжиглэл” хэмээх хоёр шинэ уран бүтээлийг тэд анх удаа эгшиглүүлэв.

Өмнө нь Төрийн их найрал хөгжим 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тоглож байсан ч энэ удаа тоо хоёр дахинаас илүүгээр нэмэгдсэн юм. Учир юу гэвээс, Хубилай хааны ордонд 500 хөгжимчин байсан тухай түүх шастирт тэмдэглэгдсэн байдаг учраас энэ тоонд хүрэхгүй ч ойн жилийнх нь хамгийн том бэлэг болгон Төрийн их найрал хөгжим бүл нэмсэн нь энэ.

Хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулагчид 261 хөгжимчин суулгаж, тоглоно хэмээн тооцоолж байсан ч ҮДБЭЧ, Морин хуурын чуулга, "Улаанбаатар" чуулга, СУИС, ХБК-ийн хөгжимчдөөс гадна гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа хөгжимчид ч сайн дураараа тэдэнтэй нэгдсэнээр энэ тоог 285-д хүргэсэн байна.
Ийм олон мэргэжлийн хөгжимчинг урдаа суулгаад удирдах хувь тохиолд энэ удаа ҮДБЭЧ-ын ерөнхий удирдаач Н.Буянбаатар, урлагийн гавьяат зүтгэлтэн А.Цэдэн-Иш нарт тохиосон юм.
“Сэрсэн тал”-ын нүргээн төв талбайгаар нэг цуурайтаж, жихүүн өдрийн жаврыг үргээн Төрийн ордны өмнө “Үүлэн бор” эгшиглэв.

Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг энэ сарын 14-нөөс эхлэн өнөөдрийг дуустал тэмдэглэж буй бөгөөд хаалтын нэгдсэн тоглолт нь “Монгол Төрийн их дуулал” нэртэйгээр ийнхүү үзэгчдийн хүртээл боллоо.
Уртын дуу, хөөмий, их бүрээний дуудлага, “Монгол бүжгийн чуулбар”-тай энэ тоглолтод дутуу зүйл бараг байсангүй.
Харамсалтай нь Төрийн өндөрлөгүүдээс хэн нь ч энэ тоглолтыг хүрэлцэн ирж үзээгүй. Ойг тэмдэглэх комиссыг ахалсан Монгол Улсын сайд Ц.Баярцогт хүндэтгэлийн тоглолтыг нээж үг хэлсэн юм.

Монголын эзэнт гүрнийг хүчирхэгжүүлж, дэлхийн талыг эзэлсэн буурал түүхийг зузаалсан агуу нэгэн хаан нь Хубилай сэцэн байсан хэдий ч түүний мэндэлсний ойг монголчуудаас илүү урд хөршийнхөн сүр дуулиантай хийчихлээ.
Гэхдээ бид үндэсний онцлог, түүх, соёл, урлагийн гайхамшигаа цуглуулан богино хугацаанд олны хүртээл болгож, хэрэндээ л хичээв.

Азийн авьяастнуудын нэгээр тодорсон “Хөсөгтөн” хамтлагийнхан энэ уухайд түрлэг нэмж, “Чингисийн магтаал”-аа өргөн барьсан.
Энэ тоглолтын ерөнхий найруулагчаар ажилласан, ҮДБЭЧ-ын дэд захирал Н.Болд “Энэ бол миний мөрөөдөл байсан юм. Сүүлийн гурван жил ийм тоглолт хийхсэн гэж зорилоо” хэмээн сэтгэл догдлон ярьж байлаа.

Сурвалжлагч Ж.Солонго
Гэрэл зурагчин Б.Мөнх-Эрдэнэ