Төв цэвэрлэх байгууламжийн өмхий үнэр Нисэх, Яармагт үнэртдэг байсан бол одоо хотын төвөөр ханхлах болсон. Ийм үед дүүрэг бүрт бага оврын цэвэрлэх байгууламж барих нь өнөөгийн хүнд нөхцөлөөс гарах гарц гэж мэргэжилтнүүд үзэж буй. Энэ ажлын эхлэл болгож, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны хурлаар Налайх дүүргийн V хороонд бага оврын багтаамжтай цэвэрлэх байгууламж барих шийдвэр гаргасан юм. Тэгвэл тус цэвэрлэх байгууламжийг Гордокийн найман га газарт, хоногт 1000 шоо метр бохир ус цэвэршүүлэх хүчин чадалтайгаар барьж, өчигдөр ашиглалтад орууллаа. Концессийн гэрээгээр “Набсон” ХХК уг ажлыг гүйцэтгэсэн бөгөөд цаашид хүн амын нягтарлаас хамаараад хоногт 2000, 3000 шоо метр бохир ус цэвэрлэж, шүүх хүчин чадалтай болгон өргөтгөх боломжтой аж.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын ахлах инженер Б.Ганзоригоос энэ талаар тодруулахад “Набсон” ХХК бага оврын цэвэрлэх байгууламжийг 2.5 тэрбум төгрөгөөр барьж өглөө. Хуучнаар Гордок буюу Цэргийн хотхонд суурьшагсдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Тиймээс хэрэглээнээс хамаарч хүчин чадлыг нь нэмэгдүүлэх боломжтойгоор уг цэвэрлэх байгууламжийг барьсан нь дэвшил юм. “Набсон” компани цэвэрлэх байгууламжийн зураг төслийг боловсруулж, өөрийн хөрөнгөөр барьж, тоног төхөөрөмжийг нь хүртэл нийлүүлсэн. Концессийн гэрээг хоёр жилээр хийсэн бөгөөд хугацаа нь дуусахад орон нутгийн өмчид шилжүүлнэ” гэж ярилаа.