Сургуулийн орчинд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс Улаанбаатар хотын Цагдаагийн газраас "School police" хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөр нь эцэг, эхчүүд жилд нэг удаа хүүхдийнхээ сургуулийн орчимд эргүүл хийж, замын хөдөлгөөнд оролцоход нь туслалцаа үзүүлдэг. Ингэснээр сурагчдыг гэмт хэрэгт өртөж хохирох, зам тээврийн осолд орохоос тодорхой хэмжээнд хамгаалах ач холбогдолтой. Цагдаагийн албаны эргүүл, гэрэлтүүлэгтэй, камержуулсан гудамж талбай, нийтийн эзэмшлийн орчинд гэмт хэрэг, зөрчил бага гардаг шиг зохион байгуулалттай эцэг эхчүүдийн эргүүл гарснаар тухайн сургуулийн орчинд аюулгүй орчин бүрддэг аж. Тэгвэл энэ хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр болжээ. Ялангуяа аймгийн төвүүдэд энэ сараас хэрэгжүүлж эхлэхээр болсон байна. Учир нь аймгийн төвийн сурагчид сургууль орчимдоо мотоциклийн осолд өртөх, сургуулийнх нь хашаанд иргэд архидан согтуурдаг нь гэмт хэрэг гарах шалтгаан болдог аж. Тиймээс орон нутгийн сургуулиудаас “School police” хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлт ирүүлжээ. Эхний ээлжинд Өвөрхангай аймгийн Уянга сумын II сургуульд туршилт хийж эхэлсэн байна.