Энэ сарын 24-ний орой хүн төрөлхтөн НҮБ-ын Дэлхийн хэмжээний уулзалтаар батлах Тогтвортой хөгжлийн зорилтуудыг бүрэн хэрэгжүүлж, өнөөдөр дэлхий нийтэд тулгамдсан ядуурал, тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлыг шийдвэрлэхийг Засгийн газруудаасаа шаардах гэнэ. Тодруулбал, Австралиас Энэтхэг, Өмнөд Африкаас Бразил хүртэл дэлхийн өнцөг булан бүрт хүний эрхийн зүтгэлтнүүдээс эхлээд жирийн иргэд хүртэл кампанит ажил өрнүүлэн, төр засгийн тэргүүнээсээ “Замыг гэрэлтүүлэн” ядуурал, тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээг яаралтай авахыг шаардах юм байна. Үүнд манай улс ч бас нэгдэх аж. Өөрөөр хэлбэл, Монголын эмэгтэйчүүдийн сангаас маргааш буюу энэ сарын 24-ний өдрийн 20 цагт Чингисийн талбайд “Эрх тэгш, аюулгүй, баталгаатай ирээдүйн төлөө” “Замыг гэрэлтүүл” тайван цуглааныг зохион байгуулах юм байна.
“Тогтвортой хөгжлийн зорилтуудыг бодит ажил болгож чадвал 2030 он гэхэд сая сая хүний, нэн ялангуяа хүүхэд эмэгтэйчүүдийн нас баралт, хүчирхийлэл, сул дорой, эрүүл мэндийн шалтгаан болсон ядуурал устаж, тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалтыг зогсоож чадна. Мөн түүнчлэн хүн, дэлхийн байгаль орчныг нэн тэргүүнд анхаарсан бодлоготой болж, 100 хувь сэргээгдэх эрчим хүчний горимд шилжинэ” хэмээн зохион байгуулагчдын зүгээс хэлж байсан юм. Ингээд Монголын эмэгтэйчүүдийн сангийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэчимэгээс энэ талаар цөөн асуултад хариулт авлаа.
-Дэлхий нийтийн “Замыг гэрэлтүүл” хэмээх арга хэмжээнд манай улс нэгдэж байгаа гэсэн. Үүний ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Энэхүү арга хэмжээ нь дэлхийн 150 гаруй орны нийслэл хотуудад зохион байгуулагдаж байгаа арга хэмжээ юм. Жишээлбэл, улс орны онцлогоос хамаарч гэрэлт бамбарын цуглаан, гэрэлт шоу зэргийг зохион байгуулах юм. Яагаад заавал гэрэлтүүлэх талаар ярьж байна вэ гэхээр хүн гэрэлтэй байж айхгүй урагшилж чадна, зөв чиглэлээ олдог. Тиймээс Засгийн газар бодлогоо зөв танилцуулж, энэ оноос Тогтвортой хөгжлийн зорилтуудыг бодитойгоор хэрэгжүүлж чадвал бидний амьдралд бодитой өөрчлөлт гарна гэж үзэж байгаа юм.
Өнгөрсөн Мянганы хөгжлийн зорилтыг манайд 2004 онд батлаад 2014 онд дуусгасан. Энэ хугацаанд найман зорилтыг дэвшүүлсэн. Үүнд, ядуурал, тэгш бус байдал зэрэг бүх асуудлыг тусгаж өсгөж ч өнөөдөр хамгийн ихээр яригдаж байгаа ядуурал, тэгш бус байдалтай холбоотой асуудлуудыг шийдвэрлэж чадсангүй. Мөн бүх хүн төрөлхтөнд хамааралтай уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хяналтаас гарч байна. Үүний хүрээнд олон хөтөлбөрүүдийг батлахад санхүүжилт хэрэг болдог. Гэтэл манайд санхүүжилт хийгддэггүй, эсвэл гаднаас орж ирж буй хөрөнгө оруулалтыг хэрхэн, юунд зарцуулагдаж байгаа нь тодорхойгүй, иргэд өөрсдөө ямар ч мэдээлэлгүй байдаг. Тэгэхээр бидний хүсч байгаа зүйл гэвэл энэ бүх зүйлийг ил тод болгож, Засгийн газрыг хариуцлагатай болгохын төлөө гэрэлт цуглааныг зохион байгуулж байгаа юм.
-Та бүхэнтэй нийт хэчнээн байгууллага нэгдэж байгаа вэ?
-Энэхүү арга хэмжээг Монголын эмэгтэйчүүдийн сангаас санаачлан зохион байгуулж байна. Үүнд бидэнтэй хамтарч ажилладаг иргэний нийгмийн 70 гаруй байгууллага оролцох болно. Мөн түүнчлэн бид тус арга хэмжээг сонгуулийн шоу болгохгүйн тулд Засгийн газрын гишүүдээс нэгийг ч уриагүй.