Ард иргэдээ хямд байгалийн хийгээр хангах цорын ганц боломж нь ОХУ-аас Хятадад нийлүүлэх байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайруулах явдал гэж Буриадын Засгийн газар үзэж байна. “Эрхүү хотын Ковыкта орд газраас Хятадад нийлүүлэх байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжуулж байж л Буриад хямд түлштэй болно.
Зөвхөн Буриадын хэрэглэгчдэд зориулан хоолой татвал 100 тэрбум рублийн зардалтай тул ашиг олоход хэцүү. Буриадын хойд хэсгийг байгалийн хийгээр хангах асуудал шийдэгдсэн бол өмнөд хэсэгт байдал хүнд байна” гэж тус улсын “Байгаль 24” агентлагаас энэ сарын 23-нд мэдээлжээ.
Буриадын Ерөнхийлөгч Вячеслав Наговицын “Бид байгалийн хийн хоолойн “Сибирийн хүч” төслийг их сонирхож байна. Хятадад нийлүүлэх хийн хоолойг Монголын нутгаар дамжуулан татвал бидэнд тун ашигтай. Энэ асуудлыг шийдвэрлэхэд манай удирдагчдад улс төрийн зориг хэрэгтэй.
Бид “Газпром” компани болон төр засагтаа энэ талаар хүсэлт тавих болно. “Газпром” үндэсний компани шүү дээ. Тэгэхээр ард олныхоо төлөө ажиллах ёстой. Ерөнхийлөгч В.Путинийг Хятадад айлчлах үеэр Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байгалийн хийн хоолойн талаар хоёр удаа лавласан.
Хоёуланд нь В.Путин хариулахаас зайлсхийсэн” гэж ярьсан байна. Буриадын Засгийн газар “Газпром”- той 2009 оноос хамтран ажиллах гэрээ байгуулсан ч тус компани эдийн засгийн ашиггүй хэмээн үзээд байгалийн хийгээр хангах төслөө зогсоосон юм.
М.СУГАР-ЭРДЭНЭ