УИХ-аар баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг цагдаагийн байгууллагын хэмжээнд зохион байгуулахаар ЦЕГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг томилогджээ. Энэ ажлын явц ямар байгаа талаар ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах албаны Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, хурандаа Г.Эрдэнэбаатараас тодрууллаа.
-Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг цагдаагийн байгууллагын хэмжээнд хэрхэн зохион байгуулж байна вэ?
-Цагдаагийн байгууллагаас Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулж, 2015 оны долдугаар сарын 02-ны 00.00 цагаас өмнө үйлдсэн гэмт хэрэгт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд шалгагдаж байгаа сэжигтэн, яллагдагчийн болон эрүүгийн хэргийн нэгдсэн тоо судалгааг гаргасан.
Ингээд хэрэгсэхгүй болгох, захиргааны хяналтыг зогсоох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан этгээдийн эрхийг сэргээх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах ажлаа эхлүүлсэн.
-Хэчнээн жолоочийн эрхийг сэргээгээд байгаа бол?
-Энэ хуулийн 10.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 81.451 жолоочийн мэдээллийг жолоочийн мэдээллийн сангаас шүүсэн. Түүнээс 80.052 жолоочийн эрхийг нь сэргээсэн.
-ЦЕГ-ын Лицензийн төвийн гадна иргэд маш олноор дараалал үүсгэсэн байсан шүү дээ. Түргэн шуурхай үйлчилж чадсан уу?
-Тийм ээ. Лицензийн төвийн бие бүрэлдэхүүн энэ сарын 7-18-ныг дуустал 08.00-19.30 хүртэл уртасгасан цагаар иргэдэд үйлчилсэн. Харин өнгөрсөн даваа гаригаас эхлэн ердийн хуваарийн дагуу ажиллаж байна. Энэ хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх болон жолоочийн түр зөвшөөрөл олгож, тус төвийн санд хадгалж байсан 22.000 үнэмлэхийг буцаан олгох ажлыг зохион байгуулж, 8751 хүний үнэмлэхийг эздэд нь өгсөн.
Мөн эрх нь сэргээгдсэн 18.644 иргэнд түр зөвшөөрөл, 9130 жолоочийн үнэмлэхийг шинээр хэвлэн олгоод байна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээсэн 8215 хүний материалыг орон нутгийн Замын цагдаагийн тасгаас хүлээн авсан.
-Захиргааны хяналтад байгаа иргэдийг өршөөхөөр заасан. Үүнийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
-Энэ хуулийн үйлчлэлд хамрагдаж, захиргааны хяналтыг зогсоох иргэдийн судалгааг урьдчилсан байдлаар гарган харьяа аймаг, дүүргийн хяналтын прокурортой тулган нягтлах ажлыг улсын хэмжээнд хийж байна. Дээд шүүхээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хууль зөрчиж байгаа тухай Үндсэн хуулийн цэцэд хандсан асуудлыг эцэслэн шийдвэрлэсний дараа хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд шалгаж байгаа эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, захиргааны хяналтыг зогсоох ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байна.
Г.РАВЖАА