Шар шуудай, бор хоног. Шуудай гэж хэлэхэд хэцүү тортой нүүрсээр гэр хорооллынхон “гол зогоож” байна. Хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашилсныг ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээнээс харж болно. Завхан, Хөвсгөл, Архангайн зарим нутгаар цас ороод эхэлчихлээ. Хүйтний улиралд айл өрх, албан байгууллагын амин чухал хэрэгцээ нь мод, нүүрс.
Ялангуяа гэр хороололд амьдардаг айлууд өдөр бүрийн түлшээ өнөөх шар шуудайтаар аргацаах нь бий. Үүнийг ч мод, нүүрс зарж борлуулдаг хүмүүс хэлж байв. “Иргэд гар дээрээ бэлэн мөнгөгүй болсон. Жижиглэнгийн буюу шуудай мод, нүүрс л авч байна” гэцгээлээ. Ирэх өвлийг өнтэй, дулаан давах бэлтгэлээ иргэд хэрхэн хийж буй талаар болон мод, нүүрсний үнэ ямар байгааг “Цайз” захаас сурвалжиллаа.
Тэнгэр бүүдгэр. “Өвлийн бэлтгэлээ сайн базаахгүй бол хэзээ мөдгүй цас нэвсийтэл бууна шүү” гэсэн дохио гэлтэй. Мод, нүүрс зарж буй хүмүүсийн царай ч мөн адил базаахгүй харагдана. Тэдний зарим нь “Гурван өдөр суугаад ганц машин мод ч зарж чадсангүй. Хүмүүс үнийг нь л асуугаад явах юм” гэлээ. Наймаачид 08.00-23.00 цаг хүртэл ажлын байр болсон захынхаа эргэн тойронд “амьдардаг” юм байна. Машинтай мод, нүүрсээ зам дагуу байрлуулж цагдаа нарт хөөгдөхгүй “тухлах” боломж энд бий. Тэгэхдээ түрээсийн төлбөрт өдөрт 5000 төгрөг өгнө.
Эхлээд тус захын мод зардаг хэсгээр очлоо. Нэг “Портер”-ийн тэвшинд ачсан мод 500.000 төгрөгийн үнэтэй байв. Энд хөрөө, сүхний чимээ хангинах бөгөөд тэд тун ч завгүй ажиллаж байлаа. Харамсалтай нь мод, нүүрс авч буй хүмүүс тун цөөн таарсан. Хөрөөдсөн модоо тайрдас болгож, эсвэл хагалж жижиглээд шуудайлж зарна. Нэг шуудай мод 4000 төгрөгийн үнэтэй. Харин “мөндөл” 1500. Тэндхийнхэн жижиг шуудайтайг (Шуудай гэхэд тун хэцүү. Тор гэж хэлж болохоор) нь ингэж нэрлэдэг аж.

Нэрээ хэлэхийг хүсээгүй мод зардаг нэгэн эмэгтэй “Энэ захад 10-аад жил мод зарж байна. Нарс зардаггүй, хар мод л худалддаг юм. Өнгөрсөн жилийнхээс модны үнэ бага зэрэг буурсан ч иргэд худалдан авч чадахгүй байна. Тиймээс өдөр өдрийнхөө түлээнд хэрэглэх хэмжээгээр л авах боллоо. Хашаа, байшин барих банз авах нь бүр багассан. Эгч нь банкнаас зээл аваад эргэлтийн хөрөнгөө босгосон болохоор түүнийгээ яаж төлөх вэ гээд л сууж байна” гэлээ. “Цайз” захын зам дагуу хэд алхаад л хэсэг шуудайтай мод, нүүрс тавьсан хүмүүстэй таарна.
Тэд 100-гаас дээш шуудай мод, нүүрс авбал нэг бүрийг нь 1200 төгрөгөөр зардаг аж. Толгойгоороо алчуур ороож, хар нүдний шил, амны хаалт зүүсэн нэгэн наймаачнаас өнөөдөр хэчнээн шуудай түлээ зарсныг нь асуухад “Арван шуудай нүүрс л зарлаа. Нэг их хүйтрээгүй болохоор борлуулалт муу байна” гэлээ.
Тэрбээр нэг шуудай нүүрсийг 1800-2000 төгрөгөөр худалдаж байв. Түлээгээ бэлтгэхээр яваа бололтой, энд тэнд очин үнэ асуун, харьцуулалт хийх нэгэн хүнтэй уулзлаа. Тэрбээр өөрийгөө М.Баасансүрэн гэж танилцуулсан бөгөөд Баянзүрх дүүргийн IX хороо буюу Шар хадны гудамжинд амьдардаг юм байна. Түүнээс цөөн асуултад хариулт авав.
-Өвлийнхөө түлээг бэлтгэх гэж явна уу?
-Аравдугаар сарын 15-ны үеэр л түлээгээ базаана даа. Нялх хүүхэдтэй болохоор шөнөдөө гэрээ дулаан байлгах гэж шуудай нүүрс авлаа. Мичин жилийн зуд болно гэсэн нь үнэн бололтой. Энэ намар эрт хүйтэрч байна.
-Уг нь машинаар нь авчихвал арвин болов уу?
-Тийм ээ. Манайх “Портер”-оор нь авдаг юм. Шуудайгаар авахаар арви муутай. Гэсэн ч одоогоор их хэмжээгээр авах мөнгө алга.
-Агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын зарим айлд утаагүй түлш, төслийн зуух тарааж байна. Танайх ямар зуухтай вэ?
-Төслийн зуухыг хэрэглэж мэддэггүй юм. Хэдэн арван жил хэрэглэж сурснаар нь хуучин пийшиндээ л галаа түлдэг. Утаагүй түлш өртөг өндөртэй юм билээ. Түүний оронд түүхий нүүрс нь дээр гэлээ. М.Баасансүрэнтэй адил ганц шуудай нүүрс барьсан хүмүүс мэр сэр таарлаа. Хоёр хүүхэд 2000 төгрөг өгөөд өнөөх “мөндөл”-өөс авч, ах нь бололтой арай том нь урдаа тэврээд явж харагдана.
Хүмүүс өвлийн түлээндээ өндөрлөгөөтэй “Портер” (Нэг “Портер”-т ойролцоогоор тн нүүрс ачих бол өндөрлөгөөтэй болгосноор 2.5 тн-ын багтаамжтай болдог) нүүрс авахыг илүүд үздэг гэнэ. Гэвч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 52.1, 52.2 дугаар зүйлд “Овор ихтэй, түүнчлэн хортой болон аюултай ачаа тээвэрлэх журам зөрчсөн жолоочийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.
Тиймээс мод, нүүрсний ченжүүд нэг удаа явах эргэлтийг хоёр болгосонд бухимдаж буйгаа илэрхийлсэн. Харин Замын цагдаагийн газрын мэргэжилтэн “Баянзүрхийн товчоо орчмын замд ийм зөрчил байнга гардаг. Ингэж машины даац хэтрүүлэх нь осол гарах эрсдэлтэй” гэсэн юм. Тус захад есөн жил түлээ зарж буй Х.Цэндсүрэн ч энэ талаар ярив.
Иргэд нэг “Портер” нүүрсийг 150.000-аар авснаас өндөрлөгөөтэйг нь 250.000 төгрөгөөр авах нь тэдэнд ашигтай. Гэвч ийм машин явуулахыг хориглож байгаа учраас бид ч мөн шатахууныхаа зардлыг тооцож, өндөрлөгөөтэй машинтай нүүрснийхээ үнийг 280-300 мянга болгосон гэв. Тэрбээр 10 гаруй хүн цалинжуулдаг бөгөөд ажилчид нь Налайх руу нүүрсэндээ явж, авчирсан түлээгээ жижиглэн ууталж, борлуулдаг аж.
Х.Цэндсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
Х.ЦЭНДСҮРЭН: ГУРАВХАН САР ХЭРЭГЛЭХ НҮҮРСИЙГ НЬ АРД ТҮМЭНДЭЭ
ХЯМД ӨГЧ БОЛДОГГҮЙ ЮМ УУ
-Та энд олон жил ажиллаж байгаа юм байна. Нүүрсний үнэ, борлуулалт өмнөх жилийнхээс ямар байна?
-Өнгөрсөн жилийнхээс үнэ нэмэгдээгүй. Гэвч борлуулалт муу байна. Нүүрсээ гадаад улс руу хямдхан гаргадаг хэрнээ монголчууддаа үнэтэй зарах юм. Гуравхан сарын л хэрэглээ шүү дээ. Арай хямд үнээр зохицуулж болдоггүй юм байх даа.
-Налайх руу өөрсдөө явж нүүрсээ татдаг юм уу?
-Тийм ээ. Жирийн иргэд Налайхад очиж нүүрс авна гэдэг үлгэр ярьсантай адил. Нүүрс байнга авдаг бид хонон өнжин дугаарладаг. 5-10 машины ард байвал хоёр ч хонох тохиолдол гардаг. Уурхайд нуралт үүсэх гээд асуудал зөндөө гарна. Тэр болгонд хоосон буцах нь ч бий.
-Нэг тн-ыг нь тэндээс хэдэн төгрөгөөр авдаг юм бэ?
-70-80 мянга төгрөгөөр авч байна. “Нүүрс” хөтөлбөр хэрэгжиж байхад нэг тонн нүүрсийг 37.500 төгрөгөөр авдаг байсан. Нэг ковш нь 40 мянга. “Портер”- т 2-3 ковш нүүрс багтах жишээтэй. Тэгэхээр 120 мянган төгрөг. Үүндээ шатахууны үнэ, ажилчдын цалингаа тооцоод л бид ханшаа тогтоож байна.
Тус захынхан гэр хорооллын цэцэрлэг, сургууль зэрэг албан байгууллагад тонныг нь арай хямд үнээр нийлүүлдэг юм байна. Нүүрс, модыг нь гэрт нь хүргэж өгч “хоолоо залгуулдаг” хэсэг хүн тэнд бий. Тэднийг “хөлслөхөд” 6000-15.000 төгрөг хэрэгтэй. Мөн Налайхад амьдардаг ченж цөөнгүй. Тэд сурсан зангаараа “нутаг” руугаа л явж нүүрс зөөдөг бөгөөд Багануур руу ер явдаггүй гэнэ.
Ч.БОЛОРТУЯА