Болгарын алдарт зөнч эмэгтэй Вангагийн талаар бүгд мэднэ. Өнгөрсөн зуунд амьдарч байсан түүний хэлсэн, зөгнөсөн олон зүйл бүтэж байсан билээ. Тэгвэл дэлхий дахиныг айлган, түгшээж буй “Исламын улс” алан хядах байгууллага, Европыг зорьсон олон мянган цагаачдын талаар Ванга эмээ мэдэж байжээ.
XX зууны наяад онд Ванга “Олон хүн зовох болно. Дэлхийн бүх ард түмэн гай зовлонд өртөж, айж эмээн, зугтаана. Хүмүүс гутал хувцасгүй явж, хоол унд, гэрэл, түлшгүй амьдарна” гэж хэлж байлаа. Дэлхийн эдийн засгийн хямралын талаар ярьж байжээ гэж тухайн үед эрдэмтэн мэргэд тайлан уншиж байв. Гэвч энэ нь эдийн засгийн хямрал биш байжээ гэдгийг одоо бид ойлгож байна.
Ванга эмээ одоогийн цагаачдын байдлыг олон арван жилийн өмнөөс харж байсан ажээ. Тэр байтугай Ойрхи Дорнод, Африкт болж байгаа дайны шалтгаан, хэрхэн төгсөхийг ч мэдэж байсан бололтой. Гэхдээ хамгийн гол нь Ванга “Исламын улс” бүлэглэл үүсэн гарч, улс орнуудыг эзлэн, түүх соёлын үнэт зүйлсийг устган сөнөөнө гэдгийг урьдчилан харсан байна.
1978 онд тэрбээр “Хүнд хэцүү цаг ирнэ. Хүмүүс шашин шүтлэгээрээ хуваагдана. Сири улс сөхрөн унаж, огт мэдэхгүй этгээд ялах болно” гэж хэлснийг Бойка Цветкова тэмдэглэсэн байдаг. Тэр үедээ ёстой ямар ч ойлгомжгүй зүйл байна гэж байсан ч өдгөө харахад үнэхээр л Ойрхи Дорнодын хямралыг хэлж байсан нь мэдэгдэж байгаа юм. Тийм ээ, шашин хоорондын маргаан гарч, нэг нэгнээ алан хядаж байна.
Нэг талаас шашны хэнээтэн, хэт даврагч, алан хядагчид байгаа бол нөгөө талд загалмайтан дайчид тэмцэж байх аж. Сирийн эсрэг Барууны орнууд нэгдэж, удахгүй ялах нь тодорхой болоод байна. Гэхдээ Вангагийн хэлснээр ялагч нь Барууны орнууд биш огт мэдэхгүй этгээд болох “Исламын улс” байж таарах нь. Зөнчийн хэлснээр “Исламын улс”-ыг даран сөнөөхөд маш хэцүү бөгөөд энэ дайнаар “Ах дүүс сөргөлдөн байлдаж, эцэг эхчүүд хүүхдээ хаяна. Хүн болгон амиа аврах арга хайж, ганцаараа тэнэх” гэнэ.
“Исламын улс” бүлэглэлийн дайн, харгис хатуу шийтгэлээс айсан үй олон цагаач Европт ирээд байна. Цаашдаа ч ирсээр л байх болно. Европын холбооноос гишүүн орнууддаа цагаачдыг хуваан байрлуулах шийдвэр гаргасан ч зарим нь эрс эсэргүүцэж, нэг хэсэг нь зөвшөөрөөд буй. Өөрөөр хэлбэл, цагаачдаас болж, Европын холбоонд хэрүүл маргаан их байна гэсэн үг.

Үүнийг Ванга “Нэгдэж, цуглаж бүтсэн зүйл тарж бутарна. Энэ үйл явдал Орост ойрхон болно” гэж зөгнөж байжээ. Вангагийн амьдралын сүүлийн 15 жилд туслах нь байсан Витка Петровскигийн ярьснаар алдарт Ванга 1996 оны наймдугаар сард нас барахынхаа өмнөхөн тэмдэглэл бичүүлж, 2010 онд олон нийтэд задлахыг хүссэн гэнэ. Яагаад ч юм Ванга 2010 оныг хүн төрөлхтний түүхэнд эргэлтийн жил болно гэж үздэг байсан юм.
Түүний “Нэгдэж, цуглаж бүтсэн зүйл тарж бутарна. Энэ үйл явдал Орост ойрхон болно” гэсэн зөгнөлийг таван жилийн өмнө Европ нэгдсэн тухай хэлж гэж хүмүүс үзэж байсан бол дараа нь Украины асуудлыг зөгнөж байжээ гэж үзсэн. Харин одоо харахад үнэхээр л Европын холбоог хэлж байжээ. Алдарт зөнчийн хэлснээр үнэхээр “Исламын улс” бүлэглэл хүчээ авч, Европын холбоо хямралд орлоо.
Цаашдаа яах бол? “Дэлхийн хойд хэсэгт цацраг идэвхт бодистой бороо орсноор амьтан, ургамал байхгүй болно. Лалын шашинтнууд европчуудын эсрэг химийн зэвсэг хэрэглэж, бүгдийг нь устгана” гэсэн аймшигт үгийг Ванга хэлжээ. Үнэхээр аймшигтай ч өнөөгийн нөхцөлд байж болшгүй зүйл хэмээн эргэлзээд байх явдал үгүй. “Исламын улс” бүлэглэл цөмийн технологитой болж, атомын бөмбөг хийх магадлал тун өндөр. Сирийн армийн химийн зэвсгийг эзлэн авах нь бүр ч амархан.
Ямар зэвсгийг нь яаж хэрэглэх тал дээр бол “Исламын улс” эргэлзэж, гацаад байх улс биш. Ингээд л Вангагийн хэлснээр “Хүн төрөлхтөн арьсны өмөн үү зэрэг халдварт өвчнөөр өвдөж зовно” гэсэн зөгнөл биелэх нь тэр. “2043 онд Европыг лалын шашинтнууд эзэгнэнэ” гэсэн үг 5079 он хүртэлх дэлхийн түүхэнд тохиолдох томоохон үйл явдлыг зөгнөсөн үйл явдлын жагсаалтад бий. 5079 онд дэлхий сөнөнө гэж дурдсан энэхүү жагсаалтыг Ванга бичсэн гэж албан ёсоор зарласан байдаг ч зарим эрдэмтэд болгар эмээг огт хамаагүй гэдэг.
Хэн ч бичсэн бай, ямар ч байсан энэхүү жагсаалтад биелээгүй зөгнөл бас нэлээд байгаа аж. Жишээ нь, “Дэлхийн III дайн 2011 оны арваннэгдүгээр сард эхэлж, 2014 оны аравдугаар сард дуусна. Жирийн дайн байсан ч сүүлдээ хими, цөмийн зэвсэг хэрэглэх болно” гэж Ванга эмээ зөгнөсөн ч алдаж орхижээ. Гэхдээ Ванга эмээд алдсанаасаа оносон зүйл нь хавьгүй их. Вангагийн намтрыг бичигчдийн нэг, профессор Величко Добриянов АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч хар арьстан байх болно гэж түүнийг хэлсэн хэмээн баталдаг. Үнэхээр ч 2009 онд Барак Обама Америкийн Ерөнхийлөгч болсон билээ.
“Одоо Оросыг ЗХУ гэж нэрлэж байна. Гэхдээ удахгүй хуучин нэрээ авна” гэж Ванга 1979 онд хэлж байлаа. Халимагийн анхны Ерөнхийлөгч Кирсан Илюмжинов “Ванга нэг удаа намайг Халимагийн газрын зураг авчрахыг хүссэн юм. Удаан харсны эцэст гараараа зааж, энд их нефть байна гэж хэлсэн. Үнэхээр ч бид тэндээс том орд газар илрүүлсэн” гэж ярьж байна. Ванга Сталиний үхэл, Чернобылийн цөмийн цахилгаан станцын осол, Михаил Горбачёвийн хувь заяа, есдүгээр сарын 11- ний алан хядах ажиллагааг зөгнөн, тааж байсан гэдэг.
Энэ бүхнийг тоочвол цаг их орох ч Сири улсын талаар түүний хэлж байсан үгсийг эргэн санацгаая. “Сири улс сөнөснөөр 2011 онд дэлхийн III дайн эхэлнэ”, “Дэлхийд шинэ шашин үүсэж, хүн бүр шүтэн бишрэх болно”. Сирийн иргэний дайн үнэхээр 2011 онд гарсан бөгөөд үүний улмаас “Исламын улс” байгууллага үүсэн бий болсон билээ. “Исламын улс”-аас дайжсан цагаачид одоо Европыг түйвээж байна. Энэ дайныг хэн өдөөсөн бэ? Мэдээж, АНУ болон Европын орнууд. Тэд Сирийг бөмбөгдөж, Засгийн газрын эсрэг тэмцэгчдийг дэмжсэнээр дайн эхэлсэн.
2011 оноос хойших дөрвөн жилд алан хядагч байгууллага маш олон төрөн гарсан ч “Исламын улс” л ганцаараа Ойрхи Дорнодын хамгийн аюултай улс төрийн хүчинд багтаж чадсан. Тийм болохоор одоо Ванга эмээгийн хэлсэнчлэн дэлхийн дайн гарах дөхөж байж болох. Ванга “Сири улс сөнөн мөхөж, дайн Европ тивд шилжин, 2016 онд Европ хоосон, хүйтэн тив болно” гэж зөгнөсөн байдаг.
Одоо 2015 он, бид Сирийн ард түмэн Европ руу хэдэн зуун мянгаараа дүрвэж байгааг хараад сууж байна. Ард түмэн гэдэг улс орны нэгэн хэсэг. Нэг хэсэг нь байхгүй болно гэдэг улс орон сөнөж байгаатай агаар нэг зүйл. Өөрөөр хэлбэл, Сири улс мөхөж байна гэсэн үг. Харин ялагч нь Европ уу, Америк уу гэдэг эргэлзээтэй. Одоогийн байдлаар Сири задран унах нь Европт ашигтай тул тэд ялагч мэт харагдаж байж болох. Гэхдээ Сирийн цагаачид Европыг дүүргэн, элдэв тусламж, дэмжлэг шаардаж эхэлснийг нь харахад Европ тун удалгүй ялагдагч болон хувирах нь гарцаагүй.

Энэ цагаачдын дунд “Исламын улс”-ын 4000 гаруй дайчин Европт нэвтрээд байгаа гэж саяхан хэвлэлээр мэдээлсэн. Тэд юуны тулд Европт ирнэ вэ? Мэдээж, дотроос нь үймээн самуун өдөөж, Европыг дайнд татан оруулах зорилготой. Тэгвэл тэднээс зугтсан Сирийн иргэд буцаад л эх нутагтаа харьж, “Исламын улс”-ын мэдэлд орно гэсэн үг. Ингэхээр эцсийн эцэст ялагч нь “Исламын улс” болж үлдэх магадлал өндөр байгаа юм.
Үнэхээр Ванга Европыг зорих цагаачид, “Исламын улс” бүлгийг урьдчилан харсан гэж үү? Болгарын зохиолч, зураач Пётр Баков түүнийг бүхэл бүтэн ард түмэн, улс орны хувь заяаг хардаг байсан гэж баталж байна. Тэрбээр “Ванга Европыг лалын шашинтнууд эзэлнэ, хүн болгон амиа аврах аргаа хайна гэж хэлсэн. Энэ бол цагаачид. Тэднийг эрүүл, өвчтэй эсэхийг нь хил дээр хэн ч шалгахгүй, бөөнөөр нь оруулж байна. Ойрхи Дорнодын хүмүүст нөлөөлдөггүй ямар нэг халдварт өвчин европ хүмүүсийг устгаж болно.
Гэдэсний холер гээд халдварт өвчтэй цагаачид Европыг байлдан тулалдалгүйгээр л сөнөөж орхино. Энэ бол маш аюултай. Ванга “Удахгүй хүн төрөлхтний мэдэхгүй өвчин дэгдэх болно. Харахад эрүүл юм шиг мөртлөө л хүмүүс гудамж зам дээр гэнэт унацгаах болно. Хамгийн эрүүл чийрэг хүн ч амьд үлдэхэд хэцүү гэж анхааруулж байсан” хэмээн ярьж байна. Ингээд бодохоор алдарт Вангагийн зөгнөсөн дэлхийн сүйрэл “Исламын улс” гэсэн нүүр царайтайгаар ирчихээд байгаа юм биш биз?
М.СУГАР-ЭРДЭНЭ