Даралт бууруулах, ядаргаа тайлах, тархины цусан хангамж сайжруулах үйлчилгээтэй зарим эм улсын хэмжээнд тасарчээ. Өчигдөр эмийн сангуудаар “Фезам”, “Нейробекс” сураглаад олсонгүй. Харин нэг жор баригч “Болгараас импортолдог зарим эм тасарсан” гэлээ. Дэлхийн 30 гаруй оронд үйлдвэртэй, АНУ, Европ, Азийн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг олон улсын “Актавис” группийн Монгол дахь төлөөлөгчийн газрын менежер Ц.Хашмаагаас энэ талаар тодрууллаа.
-Болгараас оруулж ирдэг өргөн хэрэглээний зарим эм тасарчээ. Ямар үйлчилгээтэй, хэчнээн төрлийн эм тасарсан бэ?
-Манайх “Актавис” компанид харьяалагддаг үйлдвэрүүдийн эмийг нийлүүлдэг. Эмчилгээний практикт хэрэглээд удчихсан, хүмүүсийн өргөн хэрэглэдэг, тархины цусан хангамжийн архаг дутагдлын үед уудаг “Фезам”, даралт бууруулах үйлчилгээтэй “Недролонг”, уналт таталтын “Карбамазепин” эм тасраад нэлээд удлаа. Мөн хоолой өвдөхөд уудаг “Эфизол”, “В” витамины цуглуулга болох “Нейробекс” (бага тунтай нь), даралт бууруулах үйлчилгээтэй “Нифидепин” байна. Эдгээр эмийг Болгараас оруулж ирдэг. Өөр эмээр орлуулан хэрэглэж болно.
-Юунаас шалтгаалаад энэ олон эм тасарчихав?
-Эмийн үйлдвэрүүдтэй холбоотой. “Нейробекс”-ыг үйлдвэрээс нийлүүлэх боломжгүй болсон учраас албан ёсны гэрээт компаниуддаа мэдэгдсэн. Тэгэхээр цаашид үүнийг хэрэглэхгүй гэсэн үг. “В” витамины цуглуулгууд олон байгаа учраас үүнд санаа зовох шаардлагагүй. Өөрийг сонгож болно. Мөн “Нифидефим” даралтын эмийг Монгол гэлтгүй дэлхийн бүх оронд нийлүүлэх боломжгүй болсон тул жагсаалтаас хассан. Харин үлдсэн эмийг өнгөрсөн баасан гаригт Монгол руу ачсан. Ирэх сарын эхээр ирчих байх. Тэгэхээр аравдугаар сарын 10 гэхэд эмийн сангуудаар тарааж, хэрэглэгчдийн гарт хүргэнэ.