Нийслэлийн ИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаан өчигдөр эхэлж, Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл солилцох журам, нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоох, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг эхний хоёр асуудлаар завсарлага авлаа.
МАН-ынхан “Хотын албан татварын хувь хэмжээг тогтоох тухай асуудал хэлэлцэх хуралдаанд нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч зайлшгүй байх ёстой” гэсэн үндэслэлээр завсарлага авсан юм.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл энэ өдрүүдэд Япон улсын Токио хотод албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Тиймээс нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан есдүгээр сарын 29-ний мягмар гариг хүртэл түр хойшилжээ.
Л.ЧИМЭГ